Энэ оны 10-р сарын 16-ны өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын нэгэн зочид буудлын 3 давхрын тагтнаас унаж, амиа алдсан Британийн One Direction хамтлагийн дуучин Лиам Пэйний үхэлтэй холбогдуулан таван хүнийг баривчлан саатуулаад байгаа талаараа Аргентины эрх баригчид мэдэгджээ.
Тодруулбал тухайн зочид буудлын менежер Гильда Мартин, ресепшин Эстебан Грасси, мөн Лиам Пэйний найз Рожер Норес нарыг хүн амины хэрэгтэй холбогдуулан баривчилсан талаараа Аргентины прокурорын албанаас мэдээллээ. Түүнчлэн зочид буудлын ажилтан Эзекиел Перейра болон зочид буудлын зөөгч Брайан Пайз нарыг дуучинд хар тамхи, мансууруулах бодис нийлүүлж байсан хэргээр баривчилсан байна. Аргентин улсын хууль эрхзүйн системийн дагуу прокурорын алба нотлох баримтуудыг цуглуулсныхаа дараагаар шүүгчид гардуулан өгч, шүүгч нотлох баримтад үндэслэн шүүх хурлыг явуулах эсэхийг шийддэг байна. Прокурорын албанаас гаргасан мэдэгдэлд Аргентины шүүгч Лаура Бруниард хэдийнээ шийдвэрээ гаргаж, хэргийг шийдвэрлэх дараагийн үе шат буюу шүүх хурлыг энэ долоо хоногийн баасан гарагаас эхлүүлэхээр тогтоожээ. Сэжигтнүүдийн өмгөөлөгч нар шүүгчийн дээрх шийдвэрийн эсрэг давж заалдаж болох ч амжилтгүй болсон тохиолдолд шүүх хурал шууд эхлэх журамтай ажээ.
Дээр дурьдсан таван хүнийг дараах хэргүүдэд буруутгаж байна.
Үүнд:
- Зочид буудлын ажилтан Эзекиел Перейраг 10-р сарын 15, 16-ны өдрүүдэд Лиам Пэйнд кокаин зарсан хэрэгт
- Зөөгч Брайан Пайзыг 10-р сарын 14-нд Лиам Пэйнд хоёр удаа кокаин зарсан хэрэгт
- Рожер Норесыг “дуучинг өөрийгөө хамгаалж авч явах чадваргүй байгааг мэдсээр байж түүнийг орхин явж, асран хамгаалж туслалцаа үзүүлэх үүргээ хүлээж чадаагүй” тул хүн амины хэрэгт
- Зочид буудлын менежер Гильда Мартиныг дуучинг нас барахын өмнөхөн эрүүл ухаангүй байгааг мэдсэн хэрнээ түргэн тусламж дуудахын оронд “доош унах ноцтой аюул бүхий тагттай” буудлын өрөө рүү нь оруулсан тул хүн амины хэрэгт
- Зочид буудлын ресепшин Эстебан Грассиг дуучин Лиам Пэйнийг босч чадахгүй байхад нь гурван хүн дуудаж, түшүүлэн өрөөнд хүргэж өгөхийг даалгасан тул хүн амины хэрэгт тус тус сэжигтнээр татсан байна.
Шүүгч Бруниард хүн амины хэрэгт буруутгагдаад байгаа дээрх гурван сэжигтэнг Лиам Пэйнийг хороохыг хүсээгүй ч тэдний гаргасан үйлдэл нь дуучинг амиа алдахад хүргэснийг хэлсэн байна. Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл дээрх гурван хүнд 1-5 хүртэлх жилийн хорих ял оноох бол хар тамхины хэрэгт илүү чанга, хатуу ял оноодог Аргентин улсын хуулийн дагуу дуучинд кокаин зарж борлуулсан хоёр сэжигтэн 4-15 хүртэлх жил хорих ял авах болно.