Египет улс 2024 онд 15.7 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоожээ


Египет улс өнгөрсөн жил 15.7 сая жуулчин хүлээн авч, тус улсын түүхэн дэх хамгийн олон жуулчин авсан жил болсон талаар онц эцэст тус улсын засгийн газраас гаргасан тайланд онцолжээ. Мөн Египетийн ерөнхий сайд Мостафа Мадбули энэ жил Египетийн Гранд музейг нээж байгаатай холбогдуулан 2025 онд 18 сая жуулчин хүлээж авна гэсэн зорилтдоо хүрэх итгэл найдвар дүүрэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Тус улсын аялал жуулчлалын сайд Шериф Фатхи-гийн хэлснээр 2024 онд 15.7 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх 2023 онд хүлээн авсан 14.9 сая жуулчдын үзүүлэлтийг давсан үзүүлэлт болсныг лхагва гаригт чуулсан Сенатын хуралдааны үеэр онцолсон байна. Мөн тэрээр засгийн газраас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа жуулчдын аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг давхар онцолжээ. Египетийг зорих жуулчдын тоо хэмжээ ковидын цар тахлын эхээр огцом буурч, 2020 онд 3.6 сая болж байсан бол 2021 онд 8 сая, 2022 онд 11.7 сая болж, жил ирэх тусам сэргэж нэмэгдсээр ирсэн байна. Өнгөрсөн жил Египетийг зорьсон жуулчдынхаа тоогоор Герман, Орос, Саудын Араб, Их Британи, Польш, Итали, Чех, АНУ болон Франц улсууд тэргүүлжээ. Харин Египет улсын аялал жуулчлалын салбараас олсон орлогын хэмжээ 2024 оны эхний хагаст 6.6 тэрбум ам.доллараар хэмжигдсэн байна. НҮБ-аас сүүлд гаргасан дэлхийн аялал жуулчлалын салбарын тайланд Египет улс 2024 онд орлогынхоо хэмжээгээр Африкийн бүс нутгаа тэргүүлсэн юм. Египетийн засгийн газар 2028 он гэхэд жилдээ 30 сая жуулчин татдаг болох томоохон зорилгыг тавиад байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *