АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Трампыг ялж чадах байсан талаараа ярьжээ


Удахгүй буух гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден өнгөрсөн оны 11 сард явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг ялж чадах байсан талаараа ярьсан байна.

Тэрээр USA Today сонинд тусгайлан өгсөн ярилцлагадаа ийнхүү хэлсэн ч мөн түүнд ахиад дөрвөн жил АНУ-ыг удирдаж, төрийн тэргүүнээр ажиллах хүч тэнхээ байгаа гэдэгтээ итгэлгүй байснаа нэмж хэлсэн байна.

USA Today сонины сэтгүүлч Сьюзан Пэйж ерөнхийлөгч Ж.Байдентай өргөн сэдвээр ярилцсан бөгөөд тэдний ярилцлага лхагва гаригт хэвлэгдэн гарчээ. Одоогийн байдлаар Ж.Байден албан тушаалаасаа буухаас өмнө ийнхүү тус сонинд л цорын ганц ярилцлагыг өгөөд байна.

Уг ярилцлагад тэрээр хоёр эрүүгийн хэрэгт буруутгагдаад байсан өөрийн хүү Хантер Байденд ерөнхийлөгчийн өршөөл үзүүлсэн шийдвэрээ хамгаалахын сацуу Д.Трампын өшөөт дайснууд гэгддэг конгрессын гишүүн асан Лиз Ченей, АНУ-ын ковидын эсрэг тэмцлийг удирдсан доктор Энтони Фаучи нарт өөрийн давуу эрхийг ашиглан өршөөл үзүүлэх тухай бодож тооцоолсноо ярьсан байна. Тэрээр өнгөрсөн 11 сард Д.Трампыг Цагаан ордонд хүлээж авч уулзахдаа “түүнд хуучны дайснуудаасаа өшөө авах шаардлага байхгүй, тэглээ гээд ямар ч ашиг тус байдаггүй гэдгийг шууд хэлсэн, харин Трамп ямар нэг хариу хэлэлгүй зүгээр л сонсоод суусан” хэмээн ярьжээ. Мөн Трамп түүнд улсын эдийн засгийг сайжруулан өгч байгааг нь магтсан талаар Ж.Байден ярилцлагадаа дурдсан байна.

Сонгуулийн талаарх асуултанд тэрээр сонгуулийн өмнөх судалгааны дүнгүүдээс үзэхэд өөрийгөө сонгуульд ялна гэдэгт бүрэн итгэлтэй байсан ч түүний нас нэлээд өндөр гарсан нь ажилд нь саад үзүүлнэ гэж үзсэн тухайгаа ярьсан байна.

Түүний оронд Трампын эсрэг өрсөлдсөн Камала Харрис ялагдал хүлээсний дараагаар Ардчилсан намын өндөр дээд албан тушаалын гишүүд дургүйцлээ илэрхийлж, Байденыг арай эрт нэрээ татах ёстой байсан хэмээн шүүмжлээд амжсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *