CES 2025 олон улсын технологийн үзэсгэлэн яармагийн эргэн тойронд


АНУ-ын Лас Вегас хотноо жил бүрийн эхээр зохион байгуулагддаг CES (Consumer Electronics Show) буюу Хэрэглээний цахилгаан бараа бүтээгдэхүүний шоу үзэсгэлэн яармагийн арга хэмжээ энэ долоо хоногт зохион байгуулагдлаа. 1-р сарын 8-11 хооронд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагийн үеэр дэлхийн технологийн компаниуд өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулаад байна. Энэ жил тус арга хэмжээнд 4500 гаруй компани оролцож, 6 мянга гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлан ажиллаж, 141 мянга гаруй хүн үзэж сонирхсон гэсэн тоон үзүүлэлтийг зохион байгуулагчдын зүгээс танилцууллаа. Ингээд та бүхэнд CES 2025 олон улсын технологийн үзэсгэлэн яармагт олны анхаарлыг татсан сонирхолтой цахилгаан бараа бүтээгдэхүүнүүд, шинэ технологиуд, инновацийг салбарын эксперт мэргэжилтнүүдийн сонголтод үндэслэн, түүвэрлэн танилцуулья.

Хиймэл оюун ухаан – Nvidia компанийн Cosmos AI загвар

Хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч Америкийн Nvidia компанийн Cosmos хэмээх цоо шинэ хиймэл оюуны платформ нь роботууд болон жолоочгүй автомашиныг илүү чадвар чадамжтай болгох зориулалттай бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн загвар юм. Роботуудыг аливаа зүйлийг хийж сургахад асар их хэмжээний сургалтын дата мэдээллийг суулгах ёстой байдаг бол энэхүү Cosmos загвар нь тэдгээр дата мэдээллүүдийг хиймэл оюуны тусламжтайгаар симуляцийн аргаар дуурайлган бүтээх чадалтай, нэг үгээр хэлбэл бодит ертөнцийг симуляци ертөнц болгон бүтээдэг байна. Cosmos платформ нь мэдээж Nvidia-гийн чипүүд дээр илүү хурдтай ажиллах бөгөөд та бүхэн илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл thecosmos.ai вебсайтаар зочлоорой.

Автомашин – Honda 0 Series

CES 2025 үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулагдсан олон шинэ автомашины загвараас Honda компанийн O серийн SUV болон Saloon загварын хоёр автомашиныг салбарын ихэнх мэргэжилтнүүд онцлоод байна. Эдгээр загварууд нь 2026 оноос үйлдвэрлэгдэн худалдаанд гарч эхлэх цахилгаан автомашин бөгөөд Honda компанийн өөрсдийн хөгжүүлсэн, 3 дугаар түвшний автомат жолоодлого бүхий Asimo OS үйлдлийн систем болон цоо шинэ хиймэл оюуны чип дээр суурилагдсан байна. Компанийн зүгээс мөн эдгээр автомашинуудын хөдөлгүүрийн эх үүсвэр болсон нимгэн зай хураагуурыг ердөө 10-15 минутын хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн үйлдвэрээс гарах автомашинууд үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулсан үзүүлэнгийн загвартай яг ижилхэн үйлдвэрлэгдэн гарна гэдгийг онцолсон байна.

Зөөврийн компьютер – Asus Zenbook A14, Lenovo ThinkBook Plus Gen 6

Энэ жилийн яармагийн хамгийн шилдэг нөүтбүүкээр мэргэжилтнүүд Asus Zenbook A14-ийг нэрлээд байгаа бол хамгийн өвөрмөц сонирхолтой зөөврийн компьютер Lenovo’s ThinkBook Plus Gen 6 байлаа. Asus Zenbook A14-ийн хувьд цэнэгээ удаан барьдаг буюу 30 цаг ажиллах хүчин чадалтай, 0.99 кг жинтэй, маш хөнгөхөн “Ceraluminum” буюу хөнгөн цагаан/керамикийн холимог материалаар хийгдсэн эх бие нь зурагддаггүй, 100 хувь дахин боловсруулах боломжтой, Qualcomm Snapdragon X процессортой, OLED дэлгэцтэй, нимгэн загварын нөүтбүүк бөгөөд X Elite загвар ирэх долоо хоногоос $1,099 үнээр худалдаанд гарах бол Snapdragon X Plus загвар нь ирэх 3-р сард $899 үнээр борлуулагдах юм байна.

Харин энэ оны 6-р сараас эхлэн $3,499 үнэтэйгээр худалдаанд гарах Lenovo компанийн ThinkBook Plus Gen 6 загварын нөүтбүүк нь дээшээ сунадаг дэлгэцтэй гэдгээрээ энэ жилийн яармагийн хамгийн онцлох, өвөрмөц зөөврийн компьютерээр тодорлоо. Энгийн үедээ 14 инчийн 2000х1600 нягтаршил бүхий OLED дэлгэцтэй бол дэлгэц сунгах товчлуурыг дарахад дэлгэц нь дээшээ сунаж, 16.7 инчийн 2000 x 2350 нягтаршилтай босоо дэлгэц болдог “шидтэй” ба нэгэн зэрэг хоёр өөр бичлэг үзэх, программууд дээр ажиллах боломжийг олгодог ажээ.

Зурагт – LG G5 OLED TV, LG StanbyME 2

CES 2025 арга хэмжээний үеэр LG компани өөрийн танилцуулсан хоёр зурагтаар бусад брэндүүдээс ялгарч чадлаа. LG G5 загварын зурагт нь өндөр чанарын OLED дэлгэцээрээ зах зээлийн өрсөлдөгчдөөсөө ялгаран тодорч, мэргэжилтнүүд хэдийнээ энэхүү зурагтыг 2025 оны шилдэг зурагт хэмээн нэрлээд байна. Дэлгэцийн гэрэл болон өнгөний ялгаруулалтыг сайжруулснаар хүний нүдэнд зурагт биш харин бодит байдлыг харж байгаа мэт мэдрэмж төрүүлж байгааг нь ялангуяа онцолж байгаа юм.

LG-ийн өөр нэг онцлох загвар StanbyME 2 загварын зөөврийн зурагт байлаа. Энэхүү зурагтыг хаа ч хэрэглэх боломжтой, авсаархан хийгээд босоо болон хэвтээ ямар ч байрлалаар хэрэглэж болдгоороо онцлогтой. Түүнчлэн цүнхтэй ижил оосортой учраас хананд зураг өлгөж байгаа мэт байрлуулах боломжтой нь олны анхаарлыг татжээ. Цэнэгээ 4 цаг барьдаг, 27 инчийн хуруу мэдрэгчтэй дэлгэц бүхий LG StanbyME 2 зурагт ямар үнээр хэзээнээс худалдаанд гарч эхлэх нь харин тодорхойгүй байгаа юм.

График карт – Nvidia RTX 5090, RTX 5080

GPU буюу бидний хэлж заншсанаар график картын төрөлд энэ сарын 30-наас эхлэн худалдаанд гарах Nvidia компанийн RTX 50 серийн хоёр график картыг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.   $999 үнэтэй RTX 5080 болон $1,999 үнэтэй RTX 5090 загварын график картууд энэ сарын сүүлээр худалдаанд гарах бол $549 үнэтэй RTX 5070 болон $749 үнэтэй RTX 5070 Ti график картууд 2-р сард гарах юм байна. Nvidia компанийн зүгээс дээрх график картуудыг өмнөх RTX 4090 загвараас хоёр дахин хурдтай гэж мэдэгдсэн ч мөн үүнийгээ дагаад цахилгаан зарцуулалт (RTX 5090 – 575 ватт) ихтэй байх ажээ.

Видео тоглоомын төхөөрөмж – Lenovo Legion Go S, Acer Nitro Blaze 11

Видео тоглоом тоглоход зориулагдсан төхөөрөмжүүд, ялангуяа гартаа барьж тоглох зориулалттай төхөөрөмжүүдээс Windows 11 үйлдлийн систем, мөн Valve-гийн SteamOS-д суурилсан хоёр хувилбараар гарах Lenovo Legion Go S хэмээх жижиг дэлгэцтэй, ирэх 5-р сараас $600 үнээр худалдаанд гарах төхөөрөмжийг онцлоод байна.

Дээрх төхөөрөмж жижиг хэрнээ сайн дэлгэцтэй, авсаархан гэдгээрээ онцлог байсан бол эсрэгээрээ асар том буюу 10.95 инчийн дэлгэцтэй Acer компанийн Nitro Blaze 11 видео тоглоомын төхөөрөмжийг салбарын экспертүүд онцоллоо. Бараг л компьютерын жижиг дэлгэц гартаа барьж байгаа мэт мэдрэмж төрүүлэх, AMD Ryzen 8040HS процессортой, 16GB RAM-тай энэхүү төхөөрөмжийг 2025 оны хоёрдугаар хагаст $1,099 үнээр худалдаалж эхлэхээр төлөвлөжээ.

Гэрийн ухаалаг төхөөрөмж – Roborock Saros Z70, Ultraloq Bolt Mission

Айл гэрийн өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан ухаалаг төхөөрөмжүүд дундаас мэргэжилтнүүд энэ жил Roborock Saros Z70 загварын гэрийн үйлчлэгч роботыг онцолж байна. Ирэх 4-р сард 2000 орчим ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах уг робот нь тайлж шидсэн хувцас хунарыг цуглуулан хурааж, мөн шал болон хивсний тоосыг соруулж цэвэрлэдэг ухаалаг төхөөрөмж юм.

Гэрийн хэрэгцээний өөр нэг онцлох төхөөрөмж бол Ultraloq Bolt Mission хэмээх хаалганы ухаалаг цоожны систем юм. Уг ухаалаг цоожийг дэлхийн хамгийн анхны хэт өргөн долгионы технологийг дэмжигч цоож хэмээн тодорхойлж байгаа бөгөөд энэхүү технологийн тусламжтайгаар таны байршлыг ердөө хэдхэн см-ийн зайнаас тогтоож, хаалгыг онгойлгож түгжихээс гадна таныг гэрийнхээ гадаа болон дотор байгааг ялгах чадвартай ажээ. Мөн кодоор болон гар хүрэх шаардлагагүйгээр хаалгыг нээж, хаадаг энэхүү төхөөрөмж нь Wi-Fi, Matter, Apple Siri, Amazon Alexa, Google Assistant болон Samsung SmartThings системүүдийг дэмждэг байна. Өөр нэг онцлох заавал ёстой үзүүлэлт нь нэг зай хураагуураар бүтэн жил ажилладаг байна.

Чихэвч – Audio-Technica ATH-CKS50TW2

Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон утасгүй чихэвчний төрөлд энэ жил Audio-Technica компанийн шинэ ATH-CKS50TW2 загварын чихэвч бусдаасаа ялгарч чадсан байна. Цэнэглэгч хайрцагтайгаа холбогдсон байгаа тохиолдолд дээд тал нь 65 цаг буюу 2.5 өдөр зогсолтгүй ажиллах чадалтайгаас гадна хувцасны халаасанд, эсвэл цүнхэн дотор хийх үед хоёр чихэвч хоорондоо соронзоор холбогдон, улмаар автоматаар унтардаг тохиргоотой гэдгээрээ бусад ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс онцгойрчээ.

Тогтвортой хөгжилд суурилсан технологи – Flint цаасан баттерей

Цаасаар хийсэн баттерей гэвэл та итгэх үү? Сингапурын Flint хэмээх стартап компани тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд уламжлалт лити-ион баттерейтай харьцуулахад байгальд ээлтэй, хямд үнэтэй шийдлийг зохион бүтээснээ энэ жилийн CES үзэсгэлэн яармагт танилцууллаа. Уг цаасан зай хураагуурын гол орц нь целлюлоз бөгөөд анод, катодын хооронд ион дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Энэхүү цаасаар хийсэн зай хураагуур нь уян чанартай ба базахад зоосны хэмжээтэй жижиг болдог ажээ. Түүнчлэн хэрэглэж дууссаны дараагаар 6 долоо хоногийн дотор байгальд бүрэн задардаг гэнэ. Тус стартап компани нь зай хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг газрын ховор элемент болох литий-г олборлохын төлөө дэлхийн өнцөг булан бүрт газар шороо ухан ажиллаж байгаа уурхайнуудаас дэлхий ертөнцөө аврах мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэхүү төслөө эхлүүлж, энэ сарын эхээр 2 сая ам.долларын эхлэлийн хөрөнгө оруулалтыг амжилттай аваад байгаа компани юм.

Эрүүл мэндийн технологи – Ozlo Sleepbuds

Энэ жилийн CES үзэсгэлэн яармагийн эрүүл мэндийн хамгийн онцлох технологиор Ozlo Sleepbuds хэмээх чихэвч нэрлэгдээд байна. Энэхүү чихэвч нь чихэнд маш эвтэйхэн, чихнээс унадаггүй, зүүгээгүй мэт мэдрэмж төрүүлдгээс гадна хүнийг сайн унтаж, нойроо авахад нь нөлөөлдөг гэж үйлдвэрлэгчид батлаж байгаа гэнэ. Чихэвчин доторх мэдрэгчүүд нь унтахад саад болдог гадны чимээг мэдрэн сонсогдуулдаггүйгээс гадна хамт унтаж байгаа хүнд саад болдог чанга сэрүүлэгний асуудлыг шийдэж, зөвхөн зүүж байгаа хүнээ л сэрээдэг, бүтэн цэнэгээр 10 цаг ажилладаг гээд бүтэн нойртой хонуулахад зориулсан олон давуу талтай төхөөрөмж юм байна.

Хачирхалтай технологи – Kirin Electric Salt Spoon

Харин 2025 оны CES үзэсгэлэн яармагт оролцсон хэрэглээний цахилгаан бараа бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн хачирхалтай бүтээгдэхүүн Kirin Electric Salt Spoon хэмээх төхөөрөмж байлаа. Энэхүү том хэмжээтэй цахилгаан халбага нь идэж буй хоолыг давслаг амттай болгох мэдрэмжийг төрүүлдэг цахилгаан гүйдлийг хүний хэлэнд илгээдэг ажээ. Хоолондоо давс нэмж иддэг хүмүүсийг шаардлагагүй илүүдэл давсны хэрэглээнээс нь салгах зориулалттайгаар бүтээгдсэн энэхүү төхөөрөмж Япон улсад хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *