Зорчигч тээврийн онгоц армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн, Вашингтон хотын ойролцоо голын усанд унаж осолджээ


АНУ-ын агаарын зорчигч тээврийн PSA Airlines компанийн Bombardier CRJ700 загварын онгоц тус улсын нийслэл Вашингтон хотын ойролцоо зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөний улмаас Потомак голын усанд унаж осолджээ.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн үдшийн 21 цагийн орчимд Канзас мужийн Вичита хотоос нийслэл Вашингтон чиглэлийн American Airlines 5342 нислэгийг үйлдэж байсан, 64 зорчигч бүхий онгоц Рональд Рейганы нэрэмжит Вашингтоны үндэсний нисэх онгоцны буудалд газардахаар ойртож байх үедээ агаарт АНУ-ын армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдож, голын усанд унасан талаар АНУ-ын Холбооны агаарын тээврийн албанаас мэдээлжээ.Пентагоны зүгээс зорчигч тээврийн онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэг нь Виржиниа мужийн Форт Белвуар хотоос хөөрсөн Sikorsky H-60 загварын нисдэг тэрэг байсан хэмээн мэдэгдсэн бол дотор нь зэвсэгт хүчний 3 албан хаагч байсан талаар Вашингтон хотын дарга Мюриэль Боузер мэдээлжээ. Өөр нэг нэрээ нууцалсан албаны хүн тэрхүү армийн нисдэг тэргийг сургуулилтын нислэг үйлдэж байсан бөгөөд агаарын зэвсэгт хүчний 12 дугаар батальонд харьяалагдаж байсан тухай хэвлэлд ярьжээ.Албаныхны зүгээс Потомак голын уснаас онгоцны зорчигчдыг эрж хайх, аврах ажиллагааг явуулж байгааг мэдээлэхдээ хохирогчдын тоо хэмжээг мэдээлэхээс татгалзсан ч голын уснаас 18 хүний цогцсыг гаргаж аваад байгаа талаараа мэдэгдсэн байна. Эрж хайх, аврах ажиллагаа харанхуй шөнө, агаарын хэм маш хүйтэн, салхитай, голын ус мөстөж зайрмагтсан хүнд нөхцөлд үргэлжилж байгааг цагдаагийн албанаас онцолжээ. 300 орчим жижиг завьтай аврагчид ослоос амьд үлдсэн хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагаанд оролцож байгааг мөн нийслэл хотын Гал түймэртэй тэмцэх онцгой байдлын албаны дарга Жон Доннелли хэлсэн байна.

АНУ-ын уран гулгалтын холбооны зүгээс гаргасан мэдэгдэлд уг осолдсон онгоцонд Америкийн уран гулгалтын спортын нэлээд олон тамирчин зорчиж явсан гэжээ. Тодруулбал тамирчид, дасгалжуулагчид, мөн тэдний гэр бүлийн гишүүд байсан бөгөөд Канзас муж дах бэлтгэлийн төвөөс гэр лүүгээ буцаж явсан ажээ. Түүнчлэн ОХУ-ын уран гулгагч, дэлхийн аварга Евгения Шишкова, Вадим Наумов нар хүү Максимын хамт зорчиж явсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байна.

АНУ-ын Холбооны агаарын тээврийн албаны зүгээс энэхүү ослын хэргийг Үндэсний тээврийн аюулгүй байдлын хороотой хамтран мөрдөн шалгах ажлыг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдлээ.АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформ дээр осолтой холбогдуулан мэдэгдэл хийж, энэхүү “аймшигтай ослын” талаар бүрэн мэдээлэл авсан, нөхцөл байдлыг ойроос ажиглаж байгаагаа мэдээлсэн байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч ЖД Вэнс ослын хохирогчдод эмгэнэл илэрхийлсэн бол албан тушаалынх нь томилгоо нь батлагдаад удаагүй байгаа АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсет, Зам тээрийн төрийн нарийн бичгийн дарга Шон Даффи нар мөн нөхцөл байдлыг ойроос ажиглаж, хянаж байгаагаа мэдэгджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр орон нутгийн цагаар лхагва гарагийн үдшийн 21 цагийн орчимд осолдсон онгоцноос амьд үлдсэн зорчигчдыг эрж хайх ажлыг шөнийн турш гүйцэтгэж, пүрэв гарагийн өглөөний 6 цагийн байдлаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо батлагдаад байгаа талаар албаныхны зүгээс мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.American Airlines компанийн албан ёсны вебсайтад тус компанийн гүйцэтгэх захирал Роберт Исомын эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэол бүхий дүрс бичлэг тавигдсан байна.


One response to “Зорчигч тээврийн онгоц армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн, Вашингтон хотын ойролцоо голын усанд унаж осолджээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *