800 хүний амь… Засгийн газар уучлалт гуй!


Цэрэгт явсан хүү эсэн мэнд эргэж ирсэн атал гэртээ хүлээж үлдсэн ээж, дүү нар нь амиа алджээ. Хүү сургуульд явж, ээж, дүү нар нь дайны талбарт үлдсэн болж таарах шив. Үнэхээр Улаанбаатар гамшиг болсныг та бид бүгдээрээ харж байна. Дэлхийн I дайнд анх Германы арми хлорын хий хэрэглэснээр хүн төрөлхтөн химийн хорт бодисын аюулыг ойлгосон түүхтэй. Харин өнөө цөгт Монгол Улсын Засгийн газар нийслэлийнхээ иргэдийг угаарын хий гэдэг хорт бодисоор хордуулж байна.

Нүүрс, мод гэх мэт органик бодис дутуу шатах үед угаарын хий үүсдэг. Энэ бол агаараас хөнгөн, амтгүй, үнэргүй, өнгөгүй, шатамхай, хортой хий юм. Угаар хий хүний нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй, гарт тэмтрэгдэхгүй учраас л хүмүүс угаартдаг. Хүнийг хордуулж устгахад тун тохиромжтой бодис. Тэр тусмаа нийтээрээ гал түлдэг монголчуудыг устгахад маш тохиромжтой. Угаартуулсан эзэн, буруутан, хэрэгтэн гэж байхгүй. Буруутан нь угаар юм чинь. Гэхдээ л нийтээр нь нүүрс түлэхийг хориглож, ард иргэддээ шахмал түлш санаатайгаар шахсан эзэн нь Засгийн газар. Тэгэхээр хүмүүс угаартаж, амиа алдаж буйн буруутнаар угаарын хийг биш Засгийн газрыг нэрлэж болно.   

Хүү сургуульд явж, ээж, дүү нар нь дайны талбарт үлдсэн болж таарах шив

Үүнийгээ ч Засгийн газар мэдэж байгаа. Мэдэж байгаа болохоор угаартаж нас барсан хүний тоог дарж, 163 гэж мэдээлсэн. Гэтэл аль хэдийнэ 794 хүн нас барсныг “Утааны сонсгол”-оор л мэдлээ. Үүн дээр одоо 6 хүн нэмэгдэж, 800 болов. Засгийн газар уучлалт гуйх болоогүй юү?

Амиа алдаагүй ч угаартаж хордсон, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон хүний тоог бас яаж дарсныг бүү мэд. Дарсан гэдэг нь харин эргэлзээгүй ажээ. Шахмал түлшнийхээ чанарын тухай бодит мэдээллийг дарна. Угаартсан хүний тоог дарна. Нас барсан хүний тоог дарна. Амьд үлдсэн ар гэрийнхнийг нь цагдаа нараар дарамтлуулж, олон нийтэд мэдээлбэл, амаа ангайвал ингэж торгоно, тэгж яллана энэ тэр гэж айлган сүрдүүлдэг нь ч ил боллоо. Хөөрхий, цэргийн хүүгийн ар гэрийнхнийг амиа алдсаны дараа ч хамаатан саднуудыг нь тэгж сүрдүүлжээ.

Манай цагдаагийн, Монголын төрийн чаддаг юм нь иймэрхүү. Ард олныг улныхан гэж дэвсэлж, үхсэн хойно нь ч ясыг нь өндөлзүүлдэг. 4 хүүхэдтэйгээ, садангийн дүүтэйгээ угаартсан эмэгтэйг архичин, хүнсний талоноор амиа зогоогч гэж яллав. Нэг ёсондоо үхэж байхдаа таарсан гэх маягийн. Үхсэн ч харамсах юмгүй гэх мэт.  Яаж чадаж байна аа! Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьд явах эрхтэй гээд Үндсэн хуульд заачихсан. Амьд явах бол Үндсэн хууль гэж юм гараагүй, тийм юм мэдэх ч үгүй байсан хүн сүргийн үед ч байсан хууль.

Хүн байтугай амьтан ч амьд явах, ургамал ч амьд үлдэх эрхтэй. Гэтэл БОУАӨЯ малыг хамгаалах зорилгоор чоно агнахыг зөвшөөрч байна гэнэ үү? Мал амьд явах эрхтэй бол чоно ч амьд эрхтэй. Улныхан ч, ордныхон ч амьд явах эрхтэй.   

Амьд явах бол Үндсэн хууль гэж юм гараагүй, тийм юм мэдэх ч үгүй байсан хүн сүргийн үед ч байсан хууль

Амьд явах эрхийг маань хүртэл ямар нэг сөрөг мэдээллээр дарах гэж оролдох нь арай дэндлээ. Цахилгааны үнийг хэдэн хувиар нэмэх тухай бодит мэдээллээ дарсан. 30% нэмнэ гэж анх мэдэгдсэн ч 89% нэмчихсэн нь энэ 7 хоногт тодорхой боллоо. Баригдмагцаа Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Аж ахуйн нэгжийн эрчим хүчний үнийг 30 хувиар, айл өрхийн цахилгааны үнийг хэрэглээнээс нь хамаарч 89 хувиар нэмсэн” гэж үнэнээ улайв. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1% байсныг сэмхэн нэмж, 2% болгочихлоо. Ажил олгогчоос, ажиллагсдаас хулгайлсан 2%-иараа Засгийн газар ЭМДЕГ, ЭМДҮЗ гэх халаасаа л тэтгэнэ. Дарсан бүхэн нь дардайж, булсан бүхэн нь бултайж байна. Дахиад юу дарах бол гэхээс айж байна шүү!  

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *