“Ромын пап Францисын эрүүл мэнд эмнэлзүйн нарийн төвөгтэй нөхцөл байдалд” байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгтээ шаардлагатай хугацаагаар байх болно” гэж Ватикан мэдэгджээ. Өдгөө 88 настай Ромын пап Францис өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бронхитын шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэхээр Ром хотын Жемелли эмнэлэгт хүргэгдсэн юм.
Улмаар даваа гарагт Ватикан түүнийг амьсгалын замын олон төрлийн нянгийн халдвар авсан учраас эмчилгээг нь өөрчлөх шаардлагатай болсон тухай мэдээлсэн бол удалгүй мэдээллээ шинэчилж, “Халуурч хүндэрсэн зүйлгүй. Биеийн байдал нь хэвийн. Эмчилгээг үргэлжлүүлж байгаа” гэжээ. Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни мөн даваа гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Ромын папын сэтгэл санаа өндөр байгааг онцолжээ.
Үүнтэй холбоотойгоор Ромын папын долоо хоног бүрийн лхагва гарагт олон нийттэй хийдэг уулзалт энэ долоо хоногт цуцлагдаж байгааг Ватикан мэдэгдсэн байна. Католик шашны тэргүүнийг эмнэлэгт хэвтсэнд шүтлэгтэн олон Гэгээн Петрийн сүмийн гадна талбайд цугларч, түүнд эрүүл энхийг хүссэн байна.
Ромын пап Францис 21 насандаа нэг уушгиа авахуулсан учраас амьдралынхаа туршид эрүүл мэндийн асуудалтай явж ирсэн. Католик шашны тэргүүнээр сонгогдсоноос хойших 12 жилийн хугацаанд тэрээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. 2023 оны 3-р сард бронхитын эмчилгээ хийлгэн, эмнэлэгт 3 өдөр хэвтэж, 6-р сард хэвлийн ивэрхий авахуулах 3 цаг үргэлжилсэн мэс засалд орсон. Мөн л эрүүл мэндийн шалтгаанаар тухайн жилийн зун АНЭУ-д зохиогдсон уур амьсгалын өөрчлөлтийн COP28 чуулганд оролцохоо цуцалж байсан билээ.
Түүнчлэн өнгөрсөн оны 12-р сард католик шашны шинэ 21 кардиналыг томилох ёслолын үеэр хацар нь хөхөрчихсөн, маш том толботойгоор олны өмнө гарч ирсэн. Ватикан үүнийг нь “Ромын пап газарт унасан” гэж тайлбарласан. Тэгвэл өнгөрсөн сард тэрээр мөн л унаж, баруун гараа бэртээсэн билээ.