Америкийн телевизийн хамгийн алдартай, инээдмийн шоу болох SNL буюу “Saturday Night Live” нэвтрүүлгийн 50 жилийн ойг өнгөрсөн ням гарагт өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Богино хэмжээний шог хошин гараа болон долоо хоног бүр олны танил алдартан, зочин хөтлөгч оролцдог уг алдартай шоу нэвтрүүлэг 1975 оны 10-р сард анхны дугаараа цацсан түүхтэй.
Билл Мюррэй, Эдди Мерфи, Уилл Феррел, Кристен Виг зэрэг Холливудын инээдмийн төрөл жанрын олон алдартай жүжигчин энэхүү шоу нэвтрүүлгээс анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм.
Шоу нэвтрүүлгийн 50 жилийн ойг тэмдэглэх тусгай үйл ажиллагаанд телевиз, кино, дуу хөгжим зэрэг урлагийн салбарын олон алдартан оролцсон байна. Холливудын алдарт жүжигчин Жек Никольсон, Роберт Де Ниро, Мэрил Стрип, Билли Кристал, Том Хэнкс, Рита Уилсон, Стив Мартин, Чеви Чейз, Мартин Шорт, Пол Радд, Райн Рэйнольдс, Блэйк Лайвли, Дрю Берримор, Адам Сандлер, Скарлетт Йоханссон, Кики Палмер, телевизийн алдарт хөтлөгч Дэйв Леттерман, Жимми Фаллон, дуучин Lady Gaga, Halsey, “Rolling Stones” хамтлагийн гитарчин Кит Ричардс, SNL шоу нэвтрүүлгийн үе үеийн бүрэлдэхүүнд багтаж байсан жүжигчид гээд маш олон алдартан хүндэт зочин, үзэгч, оролцогчийн хувиар уригдан оролцжээ.
Түүнчлэн шоуны үеэр дуучин Сабрина Карпентер, Майли Сайрус, Шер, дахин нэгдсэн “Нирвана” хамтлаг, реппер Пост Малоун, Лил Уэйн нар уран бүтээлээ хүргэсэн бол Британийн алдарт “Beatles” хамтлагийн гишүүн Пол Маккартнийн тоглолтоор уг үйл ажиллагааг хаасан байна. Өнгөрсөн ням гарагт зохиогдсон тус арга хэмжээ 3 цаг үргэлжилсэн бөгөөд шоу нэвтрүүлгийн зургийг авдаг Нью-Йорк хотын “Рокфеллер плаза” цогцолборын “Studio 8H” студид зохион байгуулагдсан 50 жилийн ойн баярыг телевизээр шууд дамжуулсан байна.