АНУ Тайванийн тусгаар тогтнолын асуудлаарх байр сууриа өөрчилсөнд Хятад улс “бухимдав”


Вашингтон Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн өгүүлбэрийг АНУ-ын Төрийн департаментын вебсайт дахь албан ёсны мэдэгдлээс авч хаясантай холбогдуулан БНХАУ-ын зүгээс дургүйцлээ илэрхийлжээ. Тус баримт бичигт мөн “АНУ нь Тайванийн олон улсын байгууллагууд дахь гишүүнчлэлийг дэмжих болно” хэмээн бичсэн байна.

Дээрх өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хийсэн бол ням гарагт Тайванийн Гадаад хэргийн сайд Лин Чиа-Лунь мэдэгдэл хийж, АНУ-ыг “Тайванийн талаар эерэг, нааштай зүйлийг бичсэнд” талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин БНХАУ-ын ГХЯ-наас даваа гараг бүр хийдэг уламжлалт хэвлэлийн бага хурлын үеэрээ АНУ-ын Тайванийн талаарх байр суурьтаа засвар оруулсан явдлыг хоёр талын харилцааны “ноцтой доройтол” хэмээн тодорхойлжээ. “АНУ Хятадыг тогтоон барихын тулд Тайванийг ашиглах маш буруу бодлогыг сонгон явуулж байна” хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун мэдэгдсэн байна.  

АНУ-ын Тайвань арлын талаарх байр суурь өөрчлөгдөж байгаа нь “Тайванийн тусгаар тогтнолыг сурталчлагч салан тусгаарлах хүчнийхэнд буруу дохио өгч байна” гээд, АНУ-ыг “алдаагаа засахыг” Хятадын зүгээс шаарджээ.

АНУ-ын Төрийн департаментын Тайвань-АНУ-ын харилцааны талаарх баримт бичигт багтдаг “бид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй” гэсэн хэсгийг өнгөрсөн долоо хоногт устгасантай холбогдуулан Хятад улс ийнхүү дургүйцлээ илэрхийлээд байгаа бол АНУ-ын Төрийн департаментын зүгээс дээрх өөрчлөлт нь сайтын мэдээлэлд төлөвлөгөөний дагуу хийгдсэн өөрчлөлт хэмээн хэлсэн байна.  

Түүнчлэн АНУ нь БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрсөн хэвээрээ байгаа, Тайваниас илүү Хятад улстай албан ёсны харилцаатай гэдгийг тодотгожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *