АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Америкт импортолж буй автомашинд 25 орчим хувийн татвар ногдуулах талаараа лхагва гарагт мэдэгдэж, ирэх 4-р сарын 2-нд албан ёсоор уг арга хэмжээг зарлах болно гэлээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт энэ талаар мэдэгдэхдээ импортын татварын энэ нэмэгдэлд аль улсыг хамруулахаа тодорхой мэдээлээгүй. Хэрвээ бүх улсад автомашины импортын татвар ногдуулах бол АНУ-д хамгийн олон машин экспортолдог Япон улсад томоохон цохилт болох юм. Японы Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээлснээр тус улс 2023 онд АНУ-д нийт 1.48 сая автомашин нийлүүлжээ.
Д.Трамп мэдэгдэлдээ “Хэрвээ гадаадын автомашин үйлдвэрлэгч компаниуд АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрээ байгуулсан тохиолдолд татвар хураахгүй” гэжээ. Мөн хагас дамжуулагч болон эм бэлдмэлийн импортод 25 хувиас эхлэх татвар ногдуулж, энэ оныг дуустал дээрх татварын хэмжээ огцом өсөн нэмэгдэх болно гэдгийг онцолсон байна.
Татвар, тарифын ширүүхэн бодлого, шийдвэрүүдийг ар араас нь танилцуулсаар байгаа Д.Трамп энэ сарын 10-ны өдөр АНУ-д орж ирж буй импортын бүх ган болон хөнгөнцагаанд 25 хувийн татвар ногдуулахаа зарласан бол энэ сарын 13-нд санамж бичигт гарын үсэг зурж, АНУ-ын худалдааны түнш бүрт харилцан тэгш татвар ногдуулахаа мэдэгдсэн билээ.
Америкийн татварын бодлого талуудын эсэргүүцэлд өртөөд байна. Энэ нь дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог ноцтой зөрчиж, Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж, Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саад болж, талуудын ашиг сонирхлыг хохирооно гэж олон орны улс төр, бизнес, эрдэм шинжилгээний зүтгэлтнүүд үзсэн байна.