“Meta” компани далайг кабелийн сүлжээгээр хэрнэ


“Фэйсбүүк”-ийн толгой компани болох “Meta” 50 мянган км үргэлжлэх, Дэлхийг сүлжсэн кабелийн сүлжээг далай доогуур татах төлөвлөгөөгөө танилцууллаа. АНУ, Энэтхэг, ӨАБНУ, Бразил болон бусад бүс нутгийг хамрах “Project Waterworth” хэмээх энэ төслийн бүтээн байгуулалт дуусвал, Дэлхийн хамгийн урт, усан доогуурх кабелийн сүлжээ болох юм.

“Facebook”, “Instagram”, “WhatsApp” аппликэйшнийг эзэмшдэг “Meta” компани нийгмийн сүлжээний салбараас халин гарч, хиймэл оюун ухаан болон бусад технологийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх бодлого баримтлан, уг төслийг эхлүүлэхээр болоод байна. Тус компани далай доогуурх шинэ интернэт кабелийн “Project Waterworth” төслийг Дэлхийн таван тивийг холбогч, тэргүүний технологи болоод зогсохгүй тус компанийн хиймэл оюуны төслүүдтэй холбогдож, дэмжиж ажиллах дэд бүтэц болох болно гэдгийг онцолжээ.

“Meta” компани “Project Waterworth” төслийг зарласан мэдэгдэлдээ “Кабелийн сүлжээг далайн 7000 метр хүртэлх гүнд татна. Эрсдэлтэй бүсүүд буюу эргийн ойролцоох гүехэн устай хэсгүүдэд усан онгоцны зангуунд цохиулж гэмтэх зэргээс сэргийлэх үүднээс далайн ёроолд булах техник ашиглах болно” гэсэн байна.

Далай доогуурх кабелийн сүлжээ нь интернэт, банк санхүү, мэдээлэл гэх зэрэг олон төрлийн цахим үйлчилгээний гол хэрэгсэл болж, дата мэдээллийг Дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдаар хүргэх хамгийн чухал дэд бүтэц юм. Дэлхийн нийт интернэт хэрэглээний 95 гаруй хувь нь далай доогуурх кабелиар дамждаг. Өнөөдөр Дэлхий дээр олон нийтэд мэдээлэл нь ил байдаг, далай доогуурх кабелийн сүлжээний 600 гаруй систем байдаг юм байна.


One response to ““Meta” компани далайг кабелийн сүлжээгээр хэрнэ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *