Даваа гарагт БНХАУ-аас Палестинд суугаа хэрэг эрхлэх газар Палестины Нийгмийн хөгжлийн яамны сайд Самах Хамадтай Хятадын засгийн газраас Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн шинэ багцыг хүргэх тухай ноот бичиг солилцож, улмаар мягмар гарагт Газын зурваст хүргэх Хятадын засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн цувааг илгээх ёслолын арга хэмжээг Йордан улс дахь БНХАУ-ын ЭСЯ, Йорданы Хашимчуудын хандивын байгууллага хамтран зохион байгуулжээ.
Хятадаас Палестинд суугаа хэрэг эрхлэх газрын үүрэг гүйцэтгэгч Ли Шинь хэлэхдээ, энэ удаагийн тусламж нь Хятад улс 2024 онд Палестинд тусламж үзүүлэхээр зарласан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа чухал хэсэг бөгөөд бид Газын зурвасын 60 мянган өрхөд хүнсний багц өгөх болно, Газын зурвасын мөргөлдөөн дэгдсэнээс хойш Хятад улс Газад олон удаа яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэн гэжээ.
Мөн тэрээр Газын зурвасын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхээ сэргээх шударга үйлсийг тууштай дэмжиж, “хоёр улсын шийдэл”-ийн үндсэн дээр Палестины асуудлыг эртхэн шударгаар зохицуулах явдлыг дэмжих болно гэсэн байна.
Хятадаас Газын зурваст хүргэх 60 мянган ширхэг хүнсний багцыг 6 удаагийн илгээмжээр Йордан улсаас хуурай газраар хүргэх бөгөөд эхний ээлжийн 12 мянган ширхэг хүнсний багцыг Дэлхийн хүнсний хөтөлбөр, Палестины Улаан хавирган сар нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөхөөр болжээ.