Украины дайны асуудлаар даваа гарагт яаралтай албан бус уулзалт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй Европын удирдагчид лхагва гарагт дахин уулзаж, Украины нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Хоёр дахь удаагийн уулзалтыг мөн л Франц улс өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан бөгөөд энэ удаад эхний уулзалтанд хамрагдаагүй олон улс орны удирдагчид цахим хэлбэрээр оролцжээ.
Тодруулбал, Норвеги, Финланд, НАТО-гийн гишүүн Канад улс болон мөн Балтийн тэнгисийн гурван улсын удирдагчид оролцсон байна.
Хоёр дахь удаагийн уулзалтын дараа Францын ерөнхийлгөгч Э.Макрон өөрийн нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан уулзалтад оролцогчид Украинд үзүүлэх дэмжлэг, туслалцаагаа үргэлжлүүлсээр байх болно хэмээн тохиролцож, мөн Европын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалан бататгахад үүрэг хариуцлага хүлээх болно хэмээн бүгд санал нэгдсэн талаар мэдээлжээ.
Э.Макрон мөн Оросын эхлүүлсэн энэ дайныг өндөрлүүлэх асуудал дээр Европ болон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нэгдмэл нэг байр суурьтай байгаа гэдгийг онцолж, энхийн төлөөх ажлууд үргэлжлэн хийгдэхийн сацуу үүнд Украины оролцоог үргэлж ханган ажиллаж, аюулгүй байдлан найдвартай баталгааг гарган өгөж, урт хугацаанд үргэлжлэх энхийн гэрээг байгуулахын төлөө ажиллах болно гэжээ.
Францын ерөнхийлөгч мөн улс орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт зарцуулах төсвийн хэмжээ болон хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мөн тодотгож, Украины дайныг төгсгөх Европын төлөвлөгөө, шийдвэр ойрын хугацаанд багтан гарах болно гэдгийг нэмж хэлсэн байна.