ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос, Хятадын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна.
Тэрээр лхагва гарагт төрийн думад ОХУ-ын гадаад харилцааны асуудлаар илтгэл тавих үеэрээ дээрх мэдэгдлийг хийжээ.
С.Лавров хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ оны 5-р сард ОХУ-д төрийн айлчлал хийхээр болсон бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины БНХАУ-д хийх төрийн албан айлчлал 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр явагдах болно гэжээ.
Тэрээр В.Путины Хятадад хийх төрийн айлчлал нь Японы милитаризмыг бут цохисон ялалт болон Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойтой давхцаж байгааг, харин Ши Жиньпиний Москвад хийх төрийн айлчлал нь ЗХУ-ын нацист Германыг ялсан Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөртэй давхцан таарч байгаа гэдгийг онцолсон байна.
Өөрөөр хэлбэл БНХАУ-ын дарга ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд жил бүр зохиогддог Ялалтын баярын цэргийн парадад хүндэт зочны хувиар оролцохоор болжээ. Энэ талаар мөн энэ сарын 10-ны өдөр БНХАУ-д суух ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Игорь Моргуловын хэлснийг Оросын төрийн төв телевиз мэдээлж байсан юм.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ши Жиньпинээс гадна АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг мөн Ялалтын баярын парадад ирж оролцохыг урьсан байна.
Орос, Хятадын төрийн тэргүүн нарын энэ онд хийхээр болоод байгаа харилцан айлчлалууд нь хоёр улсын ойр дотно, найрсаг харилцааг дахин батлах зорилготой бөгөөд В.Путин, Ши Жиньпин нар Украины дайны үеэр хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлсэн билээ.