Хамас бүлэглэлийн барьцаанд байхдаа амь үрэгдсэн Израилын 4 иргэний шарилыг Израилын талд хүлээлгэн өгөхөөр болоод байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ удаагийн солилцоогоор эх, хоёр хүүхэд болон мөн 84 настай идэвхтэн Одед Лифшитцийн шарилыг Хамас бүлэглэл Израилд хүлээлгэн өгөхөөр болсон бөгөөд энэ нь өнгөрсөн сард эхэлсэн гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд хийж байгаа анхны барьцааны хүмүүсийн шарилын солилцоо болох гэж байна.
Дээр дурьдсан эх, хоёр хүүхдийн шарилын тухайд 33 настай Шири Бибас болон түүний хоёр хүү (хэрвээ амьд байсан бол өнөөдөр 5 болон 2 настай байх байсан) барьцаанд байхдаа таалал төгссөн явдал нь Израил улсыг тэр чигт нь эмгэнэн гашуудахад хүргэж байсан бөгөөд тэдний шарилд шинжилгээ хийж, баталгаажуулсны дараагаар л батлах болно гэж Израилын засгийн газраас мэдэгджээ.
Хамас бүлэглэлийн зүгээс тэднийг 2023 оны 11 сард Израилын агаарын цохилтод өртөж амиа алдсан хэмээн мэдэгдээд байгаа ч үүндээ ямар ч баримт, нотолгоо гаргаж өгөөгүй байна.
Харин 84 настай, тэтгэвэртээ гарсан сэтгүүлч Одед Лифшитцийн хувьд 2023 оны 10-р сарын 7-нд эхнэр Йошеведийн хамт Хамаст барьцаалагдаж, хоёр долоо хоногийн дараа түүний эхнэрийг суллаж байсан бол Одед Лифшитц барьцаанд байхдаа амиа алджээ. Барьцааны 4 хүний шарилыг ямар байдлаар Израилд хүлээлгэж өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүлээлгэн өгч мадагүй байгаа юм байна.
Энэ бямба гарагт мөн Хамас бүлэглэл барьцааны 6 хүнийг суллаж, Израилд хүлээлгэн өгөхөөр болоод байна. Хоёр тал гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд нийт 33 барьцааны хүнийг 1900 палестин хоригдлоор солилцохоор тохирролцсон. Одоогоор 24 барьцааны хүнийг 1000 гаруй хоригдлоор солилцоод байгаа билээ.
Үлдсэн бүх барьцааны хүмүүсийг суллаж, энэ дайныг бүрмөсөн өндөрлүүлэх асуудлууд багтаж байгаа гал зогсоох тохиролцооны хоёр дахь үе шатны яриа хэлэлцээ энэ сарын эхээр эхлэх ёстой байсан ч одоог хүртэл эхлээгүй хэвээрээ байна.