Холбооны мөрдөх товчооны даргаар Каш Пателыг сонгон нэрлэсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын томилгоог АНУ-ын Сенат баталсан байна. Конгрессын дээд танхим ХМТ-ны даргын томилгооны асуудлаар санал хурааж, 51:49 гэсэн дүнгээр дэмжин баталжээ. Сенат дахь Бүгд найрамдах намын хоёр гишүүн ерөнхийлөгчийн томилгооны эсрэг санал өгсөн байна. Ардчилсан намын сенатчдын зүгээс Каш Пателыг томилгоог батласан тохиолдолд Д.Трампын өстөн дайснуудын эсрэг ан эхлүүлэх болно хэмээн анхааруулж байсан бол Каш Пател үүнийг няцааж, ямар нэгэн улс төрийн өшөө авалттай холбоо бүхий үйл ажиллагаа явуулахгүй хэмээн мэдэгдсэн юм.Ийнхүү өдгөө 44 настай, өмнө нь прокурорын алба хашиж байсан эрхэм АНУ-ын хууль сахиулах томоохон агентлагуудын нэг болох Холбооны мөрдөх товчоог удирдахаар болоод байна. Тэрээр сарын өмнө тангараг өргөж, албандаа орсон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын сонгон нэрлэсэн томилгоо нь батлагдаж буй 18 дахь хүн боллоо. Сенатын санал хураалтын дараахан Каш Пател “Холбооны мөрдөх товчооны 9 дэх даргаар томилогдохоор болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн өөрийн Х хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрээр “ХМТ-ны даргын хувьд ажиллах миний зорилго маш тодорхой: сайн мөрдөгчдийг дэмжиж, мөн ХМТ-нд итгэх итгэлийг сэргээх явдал юм” гэжээ.Каш Пател ийнхүү 2017 онд мөн л уг албан тушаалд Д.Трампын нэрлэн томилж байсан Кристофер Врэй-н халааг авч байна. ХМТ-ны даргын албан тушаалаас хална гэсэн мэдээллийн дараагаар буюу Д.Трампыг тангараг өргөж, албандаа орохоос өмнө Кристофер Врэй өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон билээ.
ХМТ-ны даргаар сонгогдсон Каш Пателын томилгоог АНУ-ын Сенат баталлаа
