Хамас бүлэглэлийн зүгээс Газын зурваст гал зогсоох тохиролцооны дараагийн үе шатны яриа хэлэлцээг Израилтай үргэлжлүүлэн явуулахад тавигдах хамгийн гол нөхцөл шаардлага бол өмнөх тохиролцооны дагуу Палестины хоригдлуудыг суллах явдал хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Хамас бүлэглэл тохиролцсон ёсоороо Израилын 4 барьцааны хүний шарил болон 6 амьд барьцааны хүнийг суллаж, Израилын талд хүлээлгэн өгсөн бол Израил улс хариуд нь суллан явуулах ёстой байсан Палестины 600 гаруй хоригдлыг суллах явдлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдэж, үүндээ барьцааны хүмүүс болон хоригдол солилцох арга хэмжээг удаа дараа зөрчиж, “доромжилсон” үйлдэл гаргасан хэмээн Хамас бүлэглэлийг буруутгасан юм.
Хамас бүлэглэл Израилын талд ийнхүү 10 барьцааны хүнийг хүлээлгэн өгсний хариуд Палестины 620 хоригдол суллагдах ёстой байсан ч Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху сайд нартайгаа зөвлөлдсөний эцэст хойшлуулах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн. Түүнчлэн Б.Нетаньяху 23-ны өдөр “Израил Газын зурваст ширүүн тулалдаанд эргэн ороход хэзээд бэлэн байна, байлдааны төлөвлөгөө нэгэнт бэлэн болсон” хэмээн хэлснийг Израилын хэвлэлүүд мэдээлжээ.
Хамас бүлэглэлийн улс төрийн товчооны гишүүн Басем Найм даваа гарагт Аль Жазира агентлагт өгсөн ярилцлагадаа “хэрвээ тэдгээр 620 хоригдлыг суллаж, хүлээлгэж өгөхгүй бол бид гал зогсоох тухай яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлж чадахгүй гэдгийг зуучлагч нарт (Египет, Катар) маш тодорхой ойлгуулсан” гэжээ. Түүнчлэн Б.Нэтаньяху гал зогсоох тохиролцоог нураах дохиог ил тодоор өгч байна, тэр дайныг ахин эхлүүлэхийг оролдож байгаа нь тодорхой байна гээд Израилын талын энэхүү шийдвэр нь гал зогсоох тохиролцоонд “ноцтой аюул” учруулж байгааг онцолж, яриа хэлэлцээний зуучлагчдад, ялангуяа АНУ-д хандан Израилд дарамт шахалт үзүүлэхийг шаардсан байна.
Гэвч АНУ-ын зүгээс Израилын дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф гал зогсоох тохиролцооны эхний үе шатыг сунгах асуудлаар энэ долоо хоногт бус нутагт айлчлахаар болоод байгаа билээ.
Израил-Хамасын хооронд гал зогсоох тохиролцооны 6 долоо хоногийн хугацаатай эхний үе шат энэ долоо хоногийн бямба гаригт өндөрлөх болно. Өнгөрсөн хугацаанд Хамас бүлэглэл 33 барьцааны хүнийг суллах ёстойгоос 4 хүний шарил болон 25 амьд барьцааны хүнийг суллаж, энэ долоо хоногт үлдсэн 4 хүний шарилыг Израилын талд хүлээлгэж өгөх ёстой юм. Харин Израилын тал 1900 орчим палестин хоригдлыг суллах ёстойгоос 600 гаруй хоригдлыг ийнхүү суллахаа хойшлуулаад байна. Мөн Израил-Хамасын дайныг өндөрлүүлэхэд чиглэгдсэн гал зогсоох тохиролцооны хоёр дахь үе шатны яриа хэлэлцээ одоог хүртэл эхлээгүй байгаа билээ.