Apple компани АНУ-д ирэх 4 жилд 500$ тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ


Apple компани ирэх 4 жилийн хугацаанд АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо даваа гарагт албан ёсоор зарласан байна. Энэ тус компанийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр хэмжээний хөрөнгө оруулалт гэдгийг мэдэгдэлд онцолжээ.

Apple компанийн үйлдвэрлэлийн гол суурь бааз болох БНХАУ-ын эсрэг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп импортын тариф нэмж тогтоосны дараагаар ийнхүү Apple компани дээрх шийдвэрийг гаргалаа.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Apple компани бусад түншүүдтэй хамтран АНУ-ын өмнөд хэсгийн Техас мужид үйлдвэр барьж байгуулах ажээ. Уг үйлдвэр нь Apple-ийн хиймэл оюун ухааны технологийг дэмжиж ажиллах зориулалттай серверүүдийг үйлдвэрлэх юм байна.

Түүнчлэн АНУ-ын баруун төвийн Мичиган мужид мөн өөр нэг цогцолбор төвийг байгуулж, хагас дамжуулагчийн технологийг хөгжүүлж, АНУ-ын цахим үйлдвэрлэлийн түвшинг нэг шат ахиулах туршилт судалгааны ажлуудыг явуулахаар төлөвлөжээ.

Apple компани дээр дурьдсан туршилт судалгаа, технологи хөгжүүлэлт, инженерчлэлийн салбарт хийх хөрөнгө оруулалтынхаа хүрээнд Америкт шинээр 20 мянган ажлын байрыг бий болгох бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк “бид Америкийн аж үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлэх өөрсдийн хүрээг тэлж байгаадаа туйлын баяртай байна” гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Apple компанийн энэхүү алхам шийдвэрийг найрсагаар хүлээн авч байгаагаа мэдэгджээ. Тэрээр даваа гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд “энэхүү хөрөнгө оруулалтыг хийх болсон гол шалтгаан бол манай засаг захиргааны хийж явуулж байгаа үйл ажиллагаанд итгэл найдвар өгч байгаа явдал юм” хэмээн нийтэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *