Даваа гарагт Индонезийн засгийн газар шинэ үндэсний баялгийн санг эхлүүлж байгаагаа зарлан мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Прабово Субиантогийн засаг захиргаа дотоодын эдийн засгийн өсөлтийг огцом өсгөн нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү шинэ үндэсний баялгийн сангийн нийт хөрөнгийн хэмжээ нь 900 тэрбум гаруй ам.доллар ажээ.
Тангараг өргөж, албандаа ороод удаагүй байгаа Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто Сингапурын хөрөнгө оруулалтын Темасек сангийн загвар дээр тулгуурлан үүсгээд байгаа “Даяа Анагата Нусантара” буюу Данантара хэмээх уг цоо шинэ үндэсний баялгийн санг байгуулах баримт бичигт Жакарта хот дахь ерөнхийлөгчийн ордонд гарын үсэг зурсан байна.
Тэрээр энэхүү үндэсний баялгийн санг хөрөнгө оруулалтаас гадна үндэсний хөгжлийн нэг хэрэгсэл болж явах болно гэдгийг онцолжээ. Мөн тэрээр үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр 2025 онд никель, зэс, хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны технологийн судалгааны төв, газрын тос боловсруулах болон нефть-химийн үйлдвэр барьж байгуулах гэх зэрэг үндэсний хэмжээний 20 гаруй төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх болно гэсэн байна.
Индонезийн ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Юсуф Пермана хэлэхдээ, уг баялгийн санг үүсгэснээр Индонезийн стратегийн хөрөнгө оруулалтын менежментийн шинэ эрин үе эхэлж байгаагаас гадна Индонез улс тогтвортой, олон талт хөрөнгө оруулалтаар дотоодын эдийн засгийг шинэ түвшинд гаргахад чиглэгдсэн засгийн газрын урт хугацааны бодлогын нэг хэсэг болж байна гэжээ.
Энэхүү үндэсний баялгийн санг байгуулах зөвшөөрлийг ерөнхийлөгийн тэргүүлж буй эвслийнхэн давамгайлж байгаа парламентын санал хураалтаар энэ сард батласан юм.
Данантара үндэсний баялгийн сан нь төрийн өмчит компаниуд дахь засгийн газрын хувьцааг хянах бөгөөд сангийн гарааны төсөв нь 20 тэрбум ам.доллар байх талаар Индонезийн төрийн төв хэвлэл мэдээллийн агентлаг болох Антара мэдээлжээ.
Данантара сангийн тэргүүнээр Индонезийн хөрөнгө оруулалтын сайд Росан Рослани сонгогдон томилогдсон байна.
Ерөнхийлөгч Прабово Субиантогийн санаачлан эхлүүлэхээр болоод байгаа энэхүү санг санхүүжүүлэхийн тулд дотооддоо бүсээ чангалах бодлогыг хэрэгжүүлж эхлэхээр болж байгааг өнгөрөгч 1-р сард төрийн тэргүүн зарлан мэдэгдсэн ч үүнийг нь эсэргүүцсэн оюутан залуусын жагсаал хөдөлгөөн Индонезийн олон хотуудад зохиогдож, одоог хүртэл үргэлжилсээр байгаагаас гадна “Dark Indonesia” хэмээх хөдөлгөөн нийгмийн сүлжээнд мөн өрнөн үргэлжилсээр байгаа ажээ. Түүнчлэн үндэсний баялгийн сангийн удирдлага болон авлигын асуудал дагуулах эрсдэлтэй гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм.