Азийн томоохон банкуудын нэг болох Сингапурын DBS банк ирэх 3 жилийн дотор 4000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюуны технологиор орлуулахаар болжээ.
Төлөвлөгөөт цомхотголд тус банкны 19 улс орны салбаруудад тусгай төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа гэрээт болон цагийн ажилтнууд багтана, үндсэн ажилтнуудыг цомхотгохгүй гэдгийг DBS банкны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Түүнчлэн төлөвлөгөөний дагуу хиймэл оюуны технологитой холбоо бүхий 1000 шинэ ажлын байрыг бий болгоно гэдгийг ирэх сард ажлаа өгөхөөр болоод байгаа тус банкны гүйцэтгэх захирал Пиюуш Гупта мэдэгдсэн байна. Мөн тэрээр DBS банк хиймэл оюуны технологийн шилжилтийн төсөл дээр 10 гаруй жил ажилласан гэжээ. Тус банкны дэд захирал Тан Су Шан түүний халааг авч, гүйцэтгэх захирлын албанд очихоор болсон байна.
Харин Сингапурт хичнээн тооны ажилчдыг халах талаар банкны зүгээс мэдэгдээгүй байна. DBS банк өнөөдрийн байдлаар нийт 41 мянга орчим ажилтантай бол үүнээс 8-9 мянга нь цомхотголд хамрагдах боломжтой гэрээт болон цагийн ажилтнууд юм.
Ийнхүү Сингапурын DBS банк үйл ажиллагаандаа хиймэл оюуны технологийг ашиглахаар болж байгаа анхны томоохон банкуудын нэг болж байна. Үүнд сул болон давуу талууд байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа бол хиймэл оюуны технологи ойрын ирээдүйд дэлхийн нийт ажлын байрны 40 хувийг нь эзлэх болно гэдгийг ОУВС-гаас өнгөрсөн жил мэдэгдэж байсан юм.