BMW компани Их Британийн Оксфорд дахь үйлдвэртээ цахилгаан Mini загварын автомашины үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх гэж байснаа хойшлуулах шийдвэр гаргажээ.
Компанийн зүгээс тухайн үйлдвэрт нийт 600 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт бүхий засвар, шинэчлэлийг хийх гэж байсан боловч “автомашины аж үйлдвэрийн салбартай холбоотой хэд хэдэн тодорхойгүй байдал үүссэн” тул хойшлуулах шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан байна.
Их Британи улсад автомашины үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд цахилгаан автомашины үйлдвэрлэлийн тоо хэмжээн дээр засгийн газартай урт хугацааны маргааныг өрнүүлсээр байгаа нь BMW компанийн уг шийдвэрт нөлөөлсөн байна. Их Британийн засгийн газраас 2025 болон 2026 онд үйлдвэрлэхээр тогтоож өгч байгаа цахилгаан автомашины тоо хэмжээ хэтэрхий өндөр байгааг автомашин үйлдвэрлэгчид шүүмжилж, эсэргүүцэж байгаа бөгөөд яг энэхүү шалтгаанаар өнгөрсөн оны 11-р сард Stellantis компани Лутон дахь үйлдвэрээ хаах шийдвэр гаргасан ажээ.
Дэлхийд алдартай Mini загварыг эзэмшигч BMW компани мэдэгдэлдээ Оксфорд дахь үйлдвэрийг шинэчлэх хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь одоо үргэлжлэн явагдаж байгаа барилгын ажилд орж шингэсэн гэдгийг тодотгож, мөн Их Британийн засгийн газартай тохиролцсон цахилгаан Mini автомашины үйлдвэрлэлээ хугацааны хувьд хойшлуулж, Их Британийн засгийн газрын 60 сая фунт стерлингийн буцалтгүй зээлийг хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргасан ч засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэдгээ онцолсон байна.
BMW компани цоо шинэ загварын цахилгаан Mini автомашин үйлдвэрлэх зорилгоор Оксфордын үйлдвэрт олон зуун сая фунтын хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг анх 2023 онд танилцуулсан байсан бөгөөд төлөвлөгөө ёсоор хоёр цоо шинэ загварын Mini автомашины үйлдвэрлэлийг 2026 онд эхлүүлэх ёстой байсан нь ийнхүү хойшлогдлоо.
Харин Их Британи улсын Зам тээврийн департаментын зүгээс автомашин үйлдвэрлэгчдэд учирч буй сорилтуудын талаар сонсож, тэдний гомдлыг хүлээж авна гэдгээ мэдэгджээ. Мөн цахилгаан автомашины үйлдвэрлэлд шилжихэд тус яамнаас 2.3 тэрбум фунтийн хөрөнгө оруулалтыг салбарт оруулна гэдгээ мэдээлсэн байна.