В.Зеленский АНУ-тай байгуулах газрын ховор элементийн гэрээний эцсийн төслийг зөвшөөрөн, хүлээж авчээ


Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-тай байгуулах газрын ховор элементийн гэрээний хариуд тус улсаас хүссэн аюулгүй байдлын баталгааны тал дээр тодорхой ахиц дэвшил гарсныг хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ АНУ-тай байгуулах газрын ховор элементийн гэрээний эцсийн төслийг хүлээн авч, зөвшөөрсөн тухайгаа цухас мэдэгдсэн байна. Анх АНУ-ыг Украинаас 500 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний байгалийн нөөц баялаг олборлох эрх олгох саналыг тавих үед В.Зеленский АНУ-аас аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг шаардан, татгалзаж байсан.

Тэгвэл Украины ерөнхийлөгчийн зөвшөөрөн хүлээж аваад байгаа гэрээний эцсийн төсөлд “АНУ-ын засгийн газар урт удаан хугацаанд энх тайван байдлыг тогтооход шаардлагатай аюулгүй байдлын баталгааг олж авах Украины хүчин чармайлтыг дэмжиж байна” гэсэн өгүүлбэрийг багтааж чадсан гэнэ. Харин Д.Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “АНУ ямар нэгэн аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхгүй, энэ үүрэг хариуцлага Европт унах болно” гэж хэлсэн ч мөн Украины нутаг дэвсгэр дээр Америкийн ажилчид очиж ажиллах нөхцөлд шууд “автоматаар” аюулгүй байдлыг нь хангах нөхцөл байдал үүснэ гэдгийг нэмж хэлсэн юм. Трамп мөн Украин НАТО-д гишүүнээр элсэх явдлыг зөвшөөрөхгүй, энэ бол ОХУ халдан довтолж дайн эхлүүлэх гол шалтгааны нэг болсон, Украин энэхүү зорилтоо мартах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

В.Зеленский мөн өөрийн улс орноо өрөнд оруулахгүй байх нь хамгийн чухал явдал гэдгийг онцолжээ. Олон улсын хэвлэлүүдээр Украины газрын ховор элементийн баялаг нөөц бүхий ордуудыг эзэмших эрхийг олгохыг АНУ тулган шаардсан гэж мэдээлж байсан бол Зеленский лхагва гарагийн мэдэгдэлдээ гэрээний төсөлд тийм зүйл огт ороогүй гэдгийг хэлжээ.

Хэвлэлүүд АНУ, Украин улсуудыг газрын ховор элементийн олборлолтыг хамтран хөгжүүлэх тал дээр өргөн хүрээг хамарсан гэрээг боловсруулаад байгааг мэдээллээ. Гэрээнд мөн Украины сэргээн босголтод зориулагдсан “хөрөнгө оруулалтын сан”-г байгуулж, сангийн үйл ажиллагааг удирдаж явуулах эрхийг Киев, Вашингтон эн тэнцүү эзэмшиж, төрийн өмчит ордуудаас орж ирсэн орлогын 50 хувийг Украин эзэмшиж хөрөнгө оруулалтын сандаа байршуулан, сангаасаа Украин улс дотоодын төсөл хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалт хийн санхүүжүүлээд явах тухай багтсаныг Украины ерөнхий сайд Денис Шмигаль хэлсэн байна.

Хоёр талын батлан мэдэгдээд байгаагаар В.Зелнеский, Д.Трамп нар баасан гарагт Вашингтонд уулзаж, газрын ховор элементийн гэрээг үзэглэхээр болоод байна. В.Зеленский уулзалтын үеэр өөрийгөө Д.Трамптай товч бөгөөд тодорхой ярилцаж, АНУ Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх эсэхийг нь шууд асуух болно гэжээ.

Хоёр талын байгуулахаар болоод байгаа гэгдэж буй газрын ховор элементийн гэрээг мөн талууд өөрсдийн өнцгөөс ондоо байдлаар тодорхойлоод байгаа юм. Д.Трамп уг гэрээг өнгөрсөн хугацаанд Украинд үзүүлж байсан тусламжийн мөнгөө буцааж авах боломжийг АНУ-д олгох “маш том гэрээ” хэмээн тодорхойлсон бол В.Зеленский уг гэрээг дараа дараагийн гэрээ хэлцлийн үндэс суурь, урьтал болж буй гэрээ хэмээн тодорхойлооп байгаа билээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-Украины газрын ховор элементийн гэрээний тал дээр одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Украины ерөнхийлөгчийн Вашингтонд хийх айлчлалын тал дээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт хэлэхдээ, “уг айлчлал нь тэрхүү гэрээг үзэглэх айлчлал уу, эсвэл өөр асуудал багтаж байгаа юу гэдгийг бүгдээрээ харцгаая, одоогоор энэ талаар ямарваа нэгэн албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байна” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *