Холливудын жүжигчин Мишель Трахтенберг 39 насандаа таалал төгслөө


1990-2000 оны хооронд бага залуу наснаасаа телевизийн цуврал болон кинонд тоглож, алдаршиж байсан Холливудын жүжигчин Мишель Трахтенберг 39 насандаа таалал төгссөн байна.

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн цагдаагийн газраас орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө ирсэн яаралтай дуудлагын дагуу хаягаар нь явж очиход жүжигчин Мишель Трахтенбергийг “ухаангүй” байгааг олж, улмаар түүнийг нас барсныг тогтоосон талаараа мэдэгджээ.

Түүний гэр бүлийн зүгээс мөн албан ёсны мэдэгдэлд гаргаж, жүжигчинг нас барсан болохыг мэдээлж, том гарз хохирол тохиосон энэ хүнд хэцүү цаг үед тэдний хувийн амьдралд оролцолгүй, тайван байлгахыг хүссэн байна.

Эрх баригчдын зүгээс жүжигчний үхэлтэй холбоотой ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэж мэдэгдсэн ч үхлийн шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа, шүүх шинжилгээний дүгнэлтээр үхлийн шалтгааныг тогтоох болно гэжээ.

Жүжигчин Мишель Трахтенберг 9 настайдаа хүүхэд багачуудад зориулсан Nickelodeon телевизийн “The Adventures of Pete & Pete” хэмээх цувралд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Мөн тэрээр 1996 онд “Тагнуулч охин Харриет” хэмээх уран сайхны киноны гол дүрд тоглож, кино ертөнцөд хөл тавьж байсан бол 2000-аад оны эхээр “Вампир устгагч Баффи” цувралд бүтээсэн дүрээрээ үзэгчдэд танигдаж, 2007-2012 оны хооронд үргэлжилсэн “Gossip Girl” цувралын Жоржина Спарксын дүрээрээ алдаршсан байдаг.

Мишель Трахтенберг “EuroTrip”, “Ice Princess”, “17 Again”, “Cop Out” зэрэг Холливудын 20 орчим кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

Америкийн жүжигчин Рози О’Доннелл, Дэвид Бореаназ, Жеймс Марстерс, Английн жүжигчин Эд Уэствик зэрэг олон уран бүтээлчид Мишель Трахтенбергийг таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *