АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд өөрийн засаг захиргааны кабинетын гишүүдийн анхны уулзалтыг хийсэн байна. Тэрээр энэхүү уулзалтын үеэр АНУ-ын хилийн хяналт болон Орос-Украины дайныг өндөрлүүлэх асуудлаар үргэлжлүүлэн явуулж буй яриа хэлэлцээ гэх зэрэг өөрийн засаг захиргааны богино хугацаанд гаргасан амжилтуудыг дөвийлгөн онцолжээ.
Д.Трамп хэлэхдээ, “Бид гайхалтай кабинетыг бүрдүүлэн байгуулж, өндөр амжилтыг үзүүлээд байна, бидний эхний сарын ажлын амжилтыг олон талаас өндрөөр үнэлэн сайшааж байна, энэ жишгээр бид олон сар, жилүүдийг өнгөрүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Трампын засаг захиргааны кабинетын гишүүдийн анхны уулзалтанд мөн шинээр байгуулагдаад байгаа Засгийн газрын үр бүтээмжийн департаментын (DOGE) тэргүүн Элон Маск оролцсон байна. Хэдийгээр кабинетын гишүүн биш боловч уулзалтанд оролцсон Элон Маск “хэрвээ АНУ-ын засгийн газар төсвийн зарцуулалтаа танахгүй л бол “де факто” дампуурах болно” хэмээн анхааруулжээ. Тэрээр түүний тэргүүлсэн департаментын гол зорилго бол АНУ-ын 2 их наяд ам.доллартай тэнцэх алдагдлыг засаж, залруулах явдал гэдгийг онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ч мөн энэ хүрээнд холбооны засгийн газрын олон тооны ажилтнуудыг цомхотгохоор болсон Элон Маскын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа хэлсэн байна.
Эргэн сануулахад Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр анх сонгогдохдоо кабинетын 15 гишүүнийг сонгож, улмаар Сенатаар батлуулах гэж 3 сар гаруй хугацааг зарцуулж байсан бол энэ удаад тэрээр хурдтай ажиллаж, өөрийн сонгон нэрлэсэн кабинетын 13 гишүүнээ сарын хугацаанд албан тушаалд нь сонгоод байгаа билээ.