Израил, Хамас гал зогсоох тохиролцооны дагуу барьцааны хүмүүс болон палестин хоригдлуудыг харилцан суллав


Израил болон Хамас бүлэглэлийн хоорондох гал зогсоох тохиролцооны зуучлагч нар хоёр талын хоорондох маргаантай асуудлуудыг шийдэж, зохицуулсны үндсэн дээр талууд гал зогсоох тохиролцооны эхний үе шатны сүүлчийн солилцоог өнөөдөр явуулаад байна.

Хамас бүлэглэл Израилын 4 барьцааны хүний шарилыг хүлээлгэн  өгсөн бол Израил 600 гаруй палестин хоригдлуудыг суллан, нутагт нь буцаалаа.

Тодруулбал Хамас бүлэглэл Газын зурваст барьцаанд байхдаа амь үрэгдсэн 86 настай Шломо Мансур, 69 настай Итцик Элгарат, 50 настай Охад Яхаломи болон 50 настай Цачи Идан гэсэн Израилын 4 иргэний шарилыг тохиролцоо ёсоор Олон улсын улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн бол Израил улс иргэдийнхээ шарилыг баталгаажуулах ДНХ-ийн шинжилгээг Тель Авив хотод эхлүүлээд байгаа бөгөөд шинжилгээний хариу  хараахан гараагүй байна. Израилын талаас тавьсан шаардлагын дагуу Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийн шарилыг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулалгүй, хаалттай байдлаар хүлээлгэн өгчээ.

Хариуд нь Израилын тал орон нутгийн цагаар пүрэв гарагийн үүрээс эхлэн 620 палестин хоригдлыг суллаж, нутагт нь буцаах арга хэмжээг гүйцэтгээд байна. Тэдгээрээс 400 гаруй Израил-Хамасын дайны явцад Газын зурваст баривчлагдсан иргэд бол 50 нь Израилын шоронгуудад бүх насаараа хорих ял эдэлж байсан палестинчууд ажээ.

Пүрэв гарагийн энэхүү солилцоо нь Израил, Хамасын хооронд байгуулж, 1-р сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд хийгдэж байгаа хамгийн сүүлийн солилцоо бөгөөд 6 долоо хоногийн турш үргэлжилсэн эхний үе шат бямба гарагт өндөрлөх болно.

Одоогийн байдлаар гал зогсоох тохиролцоо сунгагдах эсэх, эсвэл хоёр дахь үе шат эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Анх төлөвлөсний дагуу хоёр дахь үе шатанд Газын зурваст барьцаанд байгаа үлдсэн бүх Израилын иргэдийг суллаж, хариуд нь Израилд хоригдож байгаа олон мянган палестинчуудыг чөлөөлөхөөр тогтсоноос гадна эхний үе шат үргэлжилж байх үеэр хоёр дахь үе шатны яриа хэлэлцээг эхлүүлэх хуваарьтай байсан ч одоогоор ямар нэгэн яриа хэлэлцээ эхлээгүй байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *