Д.Трамп Европын Холбоонд 25%-ийн татвар ногдуулах талаараа удахгүй мэдэгдэнэ гэв


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Европын Холбоонд 25%-ийн татвар ногдуулах шийдвэрээ удахгүй зарлах болно хэмээн лхагва гарагт мэдэгдсэн байна.

Д.Трамп Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, “ЕХ олон шалтгаанаар Америкийн автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзаж байна, АНУ болон ЕХ-ны хооронд ойролцоогоор 300 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай байна, тиймээс Европын Холбоонд автомашин, хүнс болон бусад төрлийн барааны татварын хувь хэмжээг 25 хувь байлгахаар тогтооно” гэжээ.

Гэхдээ АНУ-ЕХ-ны хоорондох худалдааны алдагдал Трампын хэлсэн шиг тийм их биш гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

ЕХ-ны статистик тоо баримтаас хараад үзэхэд 2023 онд АНУ-ын ЕХ-той хийсэн барааны худалдааны алдагдал ойролцоогоор 168.6 тэрбум ам.доллар байсан бол үйлчилгээний салбарт АНУ 112.6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан буюу АНУ-ын ЕХ-той хийсэн худалдааны алдагдал 56 тэрбум ам. Доллар орчим байсан байна.

Д.Трампын татварын нэмэгдлийн талаарх дээрх мэдэгдлийн дараагаар ЕХ-ны зүгээс няцаасан хариу мэдэгдэл хийж, “та бүхнийг манай дүрэм журмын дагуу тогловол бид түншлэхдээ таатай байх болно, гэхдээ бид мөн дотоодын хэрэглэгчид болон бизнесүүдийн эрх ашгийг давхар хамгаалах болно” гээд, ЕХ АНУ-ын шударга бус тарифын эсрэг шууд, хүчтэй хариу арга хэмжээг авах болно хэмээн мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн урд, хойд хөршүүд болох Мексик, Канад улсуудад ногдуулах 25%-ийн татварын бодлогоо 4-р сарын 2-ноос эхлүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн мөн өдрөөс эхлэн бусад улс орнуудад ногдуулна хэмээн мэдэгдсэн “харилцан тэгш тариф”-ын бодлого ч хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *