Их Британийн ерөнхий сайд Сэр Кир Стармер засгийн газрын тэргүүний хувиар Вашингтонд хийсэн анхны албан айлчлалынхаа хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд уулзлаа.
Пүрэв гарагт болсон тэдний уулзалтын үеэр Кир Стармер АНУ-ын ерөнхийлөгчид Их Британийн эзэн хаан III Чарльзын захиаг гардуулан өгсөн байна. Уг захианд Д.Трампыг төрийн айлчлал хийхийг албан ёсоор урьсан бөгөөд Д.Трамп урилгыг хүлээн авч, “гайхалтай” улсад хоёр дахь удаагаа төрийн айлчла хийхээр болсон нь түүний хувьд нэр төрийн хэрэг хэмээн хэлсэн байна.
Тэрээр 2019 онд АНУ-ын төрийн тэргүүний хувиар Их Британид айлчилж, Хатан хаан Элизабеттэй уулзаж байсан түүхтэй.
Кир Стармер, Дональд Трамп нар уулзалтын үеэрээ хоёр талын худалдаанаас эхлээд АНУ-ын Украинд гаргаж өгөх аюулгүй байдлын баталгаа зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна. Үргэлжлээд хамтарсан хэвлэлийн бага хурлыг явуулж, хагас цагийн хугацаанд сэтгүүлчдийн асуултанд хариулжээ.
Энэ үеэр Украины ерөнхийлөгчийг “дарангуйлагч” хэмээн нэрлэсэн талаарх асуултанд Д.Трамп “Би тэгж хэлсэн гэж үү? Би тийм зүйл хэлсэндээ өөрөө ч итгэхгүй байна” хэмээн хариулсан байна. Мөн тэрээр В.Зеленскийг “маш зоригтой” хэмээн магтаж, тэдний харилцаа “маш сайн” байгаа гээд Зеленскийг баасан гарагт Цагаан ордонд айлчлах үеэр “энх тайванд чиглэсэн үйл явц маань үргэлжлэх болно” хэмээн ярьсан байна. Тэд баасан гарагт уулзаж, газрын ховор элементийн гэрээг үзэглэхээр болоод байгаа билээ.
Харин Их Британи, АНУ-ын худалдааны асуудал дээр талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй ч хоёр талын хооронд шинэ худалдааны гэрээг ойрын үед байгуулах боломжтойг Кир Стармер цухас дурдсан байна. Д.Трамп ч мөн хоёр найрсаг харилцаатай, агуу улсуудын дунд ямар нэгэн татвар, тарифын шаардлагагүй “жинхэнэ худалдааны гэрээ”-г байгуулах боломжтой гэдгийг онцолсон юм. Их Британийн ерөнхий сайд мөн Трампын засаг захиргааны тарифаас болгоомжлохын тулд хоёр талын худалдааны харилцааг “шударга, тэнцвэртэй, харилцан тэгш” байдлаар явуулахын чухлыг тодотгожээ.
Их Британи улс БРЕКСИТ буюу Европын Холбоог орхин гарснаасаа хойш АНУ-тай нэгдсэн чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг зорьсоор ирсэн билээ.