АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформдоо Газын зурвасын сэргээн босголтын алсын хараа бүхий хиймэл оюуны технологиор бүтээсэн дүрс бичлэгийг нийтэлсэн нь нэлээд шуугиан болж, мөн шүүмжлэлийг дагуулаад байна.
Дайны хөлд нэрвэгдэж, сүйрээд байгаа өнөөгийн Газын зурвасын бүс нутаг гэнэтхэн л тэнгэр баганадсан өндөр байшин барилгууд бүхий далайн эргийн дагуух амралт зугаалгын цогцолбор мэт Дубайг санагдуулам өндөр хөгжсөн газар нутаг болон өөрчлөгдөж буй энэхүү бичлэг ойролцоогоор 30 секундын урттай ажээ.
Бичлэгт мөн Трампын аварга том алтан хөшөө, “Трамп Газа” гэсэн хаяг бүхий том байшин барилгууд сүндэрлэсэн байдалтай харагдахын сацуу Д.Трамп бассейны хажууд Израилын ерөнхий сайд Беньямин Нэтаньяхутай цуг амарч, тэрбумтан Элон Маск бүжиглэнгээ орон нутгийн хоол унд амсаж, хүүхэд багачууд тэнгэрээс бороо мэт асгарах мөнгө рүү гараа сунгаж байгаа зураглалууд багтсан байна.
Түүнчлэн бичлэгийн ард эгшиглэх хип хоп маягийн дуун дээр “Дональд Трамп та бүхнийг чөлөөлж, хүн бүрт эрх чөлөөт амьдралыг авчрах болно, ямар ч газар доогуурх хонгилгүй, ямар ч айх айдасгүй, Трампын Газын зурвас эцэст нь эрх чөлөөтэй болох болно” хэмээн үглэдэг байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвасыг АНУ урт хугацааны туршид хяналтандаа авч, сэргээн босголтыг явуулах бөгөөд энэ хугацаанд 2 сая гаруй оршин суугчдыг нь өөр байршилд (хөрш зэргэлдээх улс орнуудад) түр шилжүүлэх болно хэмээн өмнө мэдэгдэж байсан нь Ойрхи Дорнод болон Европын улс орнуудын хурц шүүмжлэлтэй тулгарч, Трампын энэхүү санал санаачлагыг олон улсын эрхзүй, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл болно гэдгийг тодотгосон билээ.