Microsoft компани видео дуудлага буюу дүрсээ харж ярих үйлчилгээ үзүүлэгч Skype үйлчилгээг энэ оны 5-р сард бүрмөсөн хаахаар болсноо мэдэгджээ.
Нэгэн цагт дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй вебсайтуудын нэг байсан Skype үйлчилгээ нь компьютерыг компьютертэй холбож видео дуудлага хийдгээрээ бусад ижил төрлийн программуудаас ялгаатай байсан бөгөөд дэлхий даяар олон зуун сая хэрэглэгчтэй байсан юм.
Microsoft компанийн зүгээс X хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Skype-ийн хэрэглэгчдийг Microsoft Teams рүү өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, хэрэглэх боломжтой гэдгийг мэдээлсэн байна.
Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн цар тахлын үеэр Zoom, Google Meet, Cisco Webex зэрэг илүү дэвшилтэт, шинэ үйлчилгээ бүхий аппликейшнүүд гарч ирж, хэрэглэгчдийг татсаны улмаас Skype-ийн нэр хүнд болон хэрэглээ буурах болсон юм. Түүнчлэн сүүлийн арван жилийн хугацаанд Apple компанийн FaceTime болон Meta компанийн WhatsApp аппликейшнүүд мөн зах зээлд Skype-ийн гол өрсөлдөгч болон гарч ирснээс гадна Microsoft компани Teams платформд илүү хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэх болсон нь давхар нөлөөлжээ.
Skype үйлчилгээ анх 2003 онд Эстони улсад нээгдэж, олон улс даяар интернетээр үнэгүй холбогдож ярих үйлчилгээг эхлүүлж, шуугиан дэгдээж байсан түүхтэй. Ийнхүү богино хугацаанд алдаршсан тус үйлчилгээг цахим худалдааны eBay компани 2.6 тэрбум ам.доллароор 2005 онд худалдан авч байсан ч үйл ажиллагааг нь амжилттай сайн авч чадахгүй байсан тул eBay компани 2009 онд хувьцааны 65%-иа зарж байсан бол 2011 онд Microsoft компани Skype-ийг 8.5 тэрбум ам.доллароор худалдан авч байсан ажээ.
Microsoft компани Skype-ийг худалдаж авахад олон зуун сая хэрэглэгчтэй, 1 тэрбум гаруй удаа татагдсан маш алдартай аппликейшн байсан бөгөөд тухайн үедээ Skype-ийг Xbox, Windows зэрэг өөрсдийн бусад төхөөрөмж, программуудтай хослуулж байсан удаатай.
Гэвч 2021 онд Microsoft компани Windows 11 үйлдлийн системийг зарлахдаа Skype-ийг хасаж, Microsoft Teams программ цаанаасаа суух болно гэж зарлах үед Skype-ийн төгсгөл ойртож байгаа дохио болж байсан юм. Ийнхүү анх 8.5 тэрбум ам.доллароор худалдан авч байсан Skype үйлчилгээг 14 жилийн дараа Microsoft компани бүрмөсөн хаахаар болсноо зарлалаа.