Английн Дорсетэд 2000 орчим жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн гавлын яс болон бусад яс, үлдэгдлийг ашиглан тухайн эмэгтэйн дүр төрх, нүүр царайг эрдэмтэд бүтээжээ.
2000 жилийн өмнө амьдарч байсан залуу бүсгүйн үлдэгдлийг анх 2000 онд Дорсет мужийн Киммеридж тохойн ойролцоогоос олж байсан байна.
Борнмутын их сургуулийн био-археологийн магистрант Амбер Маннингаар ахлуулсан баг манай эриний нэгдүгээр зуунд амьдарч байсан бүсгүйн царайг бүтээсэн байна.
Үүний тулд гавлын ясны зургийг бүх өнцгөөс, олон удаа авч, улмаар гавлын ясны бүрэн зураглалыг гаргах фотограмметрын аргыг ашиглаж, дараагаар нь тэрхүү гавлын ясны виртуал орчин дахь 3D загварыг бүтээж, түүнийгээ 3D принтерээр бүтээжээ. Ингэхдээ эмэгтэйн нас, хүйс, биеийн жин, угсаа гарлыг нь тооцоолон арьс болон үсийг нь бүтээсэн байна. Мэдээж энэ бүгдийг судалгааны дагуу тогтоож, тооцоолсон ба тухайн эмэгтэй нь 20-30 орчим настай, бага зэргийн тэжээлийн дутагдалтай эмэгтэй байсныг судлаачид тогтоожээ.
Борнмутын их сургуулийн зүгээс 2000 жилийн өмнө амьдрарч байсан эмэгтэйн дүр төрхийг бүтээсэн загвараа ирэх сард Вэйрхам хотын музейд тавьж, олны хүртээл болгохын сацуу анх гавлын ясыг олж илрүүлж байсан археологийн малтлага, нээлтүүдийн талаарх мэдээллүүдийг ч давхар хүргэхээр болсон байна. Ямар ч үнэ төлбөргүй үйлчилдэг Вэйрхам хотын музей 4-р сарын 5-нд нээгдэнэ.