Хаврын эхэн сар гарч, цаг агаар дулаарч байгаа энэ үед уншигч та бүхэндээ амралтын өдрүүд, чөлөөт цагаараа үзэхэд тань зориулан энэ сард нээлтээ хийх телевизийн 10 цувралыг танилцуулж байна. Эдгээр шинэ цувралуудыг цацагдах хуваарийн дагуух дарааллаар нь та бүхэндээ хүргэж байна.
Daredevil: Born Again – Daredevil: Дахин төрсөн нь

Marvel-ын супер баатруудын нэг болох Daredevil-ийн тухай өмнө нь 2015-2018 оны хооронд 3 бүлэг гарч дууссан Netflix-ийн бүтээлийг энэ удаад Disney+ платформ өмнөх жүжигчдийнх нь хамт ахин бүтээгээд байна. Тодруулбал, жүжигчин Чарли Кокс Daredevil-ийн дүрээрээ, Винсент Д’Онофрио Kingpin-ы дүрээрээ, Жон Берньтал Punisher-ын дүрээрээ эргэн ирэхээр болоод байна. Өмнөх цувралыг үзсэн үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа “Daredevil: Born Again” цуврал энэ сарын 4-нөөс эхлэн Disney+ платформоор гарч эхэлнэ.
The Leopard – Ирвэс

Netflix компани Италийн зохиолч Жузеппе ди Лампедузагийн “Ирвэс” зохиолоос сэдэвлэн, 6 ангитай цуврал кино бүтээснээ энэ сард үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. 19 дүгээр зууны Италийн улс төрийн орчин болон гол дүрийн хайр сэтгэлийн талаар өгүүлсэн энэхүү цувралд итали жүжигчид тоглож, зураг авалт Сицили арал дээр явагджээ. “Ирвэс” цуврал энэ сарын 5-ны өдрөөс эхлэн Netflix платформд байршина.
The Art of Negotiation – Хэлэлцээ хийх урлаг

Энэ сард нээлтээ хийх Өмнөд Солонгосын цувралуудаас И Жэ Хуны гол дүрд нь тоглосон “Хэлэлцээ хийх урлаг” хэмээх уг цувралыг онцолж байна. Киноны гол дүр болох яриа хэлэлцээ явуулах ур чадвараараа гайхагдаж, домог болсон мэргэжилтэн болон түүний багийн гишүүд хэрхэн томоохон корпорациудын гэрээ, хэлцлийн яриа хэлэлцээг явуулдаг талаар уг цувралд өгүүлдэг ажээ. Цуврал Солонгосын JTBC телевизээр 3-р сарын 8-ны өдрөөс долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад цацагдах болно.
Adolescence – Өсвөр нас

Энэхүү Английн сэтгэлзүйн драма төрөл жанрын цувралд сургуулийнхаа нэгэн сурагч охиныг хороосон хэрэгт холбогдсон 13 настай хүү болон түүний эцгийн талаар өгүүлэх бөгөөд цувралын гол дүрүүдэд жүжигчин Стивен Грэм, Эшли Уотерс, Эрин Доэрти нар тогложээ. Мөн 4 ангитай энэхүү цувралын анги бүрийг дундаа ямар ч завсарлага, тасалдал, эвлүүлэггүй буюу нэг удаагийн тасралтгүй үргэлжилсэн зураг авалтаар бүтээснээрээ онцлогтой болсон байна. Найруулагч Филип Барантинигийн “Өсвөр нас” цуврал энэ сарын 13-нд Netflix платформоор гарч эхэлнэ.
Long Bright River – Урт гол

Төрж өссөн Филадельфи хотынх нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд нэрвэгдсэн нэгэн дүүрэгт хүн амины цуврал хэрэг гарч, тэрхүү хэргийг мөрдөж байгаа эмэгтэй цагдаагийн ажилтны талаар өгүүлэх энэхүү цувралыг зохиолч Лиз Мурын бестселлер зохиолоос сэдэвлэн бүтээж, гол дүрд нь жүжигчин Аманда Сейфрид тоглосон байна. “Long Bright River” цуврал 3-р сарын 13-наас Peacock сувгаар гарч эхэлнэ.
Dope Thief – Хар тамхины хулгайч

Жүжигчин Брайн Тайри Хенри болон Вагнер Моура нарын гол дүрд нь тоглосон энэхүү цувралд Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх албаны тусгай ажилтнууд болон жүжиглэж, хар тамхины бүлэглэлүүдийг дээрэмддэг жижиг гарын хоёр луйварчны тухай өгүүлэх бөгөөд тэд ээлжит нэгэн луйврын үеэрээ томоохон гэмт хэргийн бүлэглэлийн хар тамхины лабораторийг дэлбэлснээс болж тэдний араас гэмт хэрэгтнүүд болон жинхэнэ хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх албаныхан хөөцөлдөж эхлэх болно. “Хар тамхины хулгайч” цуврал Apple TV+ платформоор энэ сарын 14-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.
Good American Family – Сайн Америк гэр бүл

Жүжигчин Эллен Помпео, Марк Дюпласс нарын гол дүрд нь тоглосон энэхүү цувралыг 2010 онд болсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ. Өмнө нь үрчилж авсан айл нь буцаасан, 7 настай Наталиа Грэйс хэмээх украин гаралтай, ховор төрлийн одой болох өвчтэй бяцхан охиныг үрчлэн авч байгаа Барнеттын гэр бүлийнхэн өргөмөл охиноо 7 настай гэдэгт эргэлзэж эхэлж байгаа талаар уг цувралд өгүүлэх ажээ. “Сайн Америк гэр бүл” цуврал Hulu платформд энэ сарын 19-нд нээлтээ хийнэ.
The Residence – Ордон

Netflix-ийн энэхүү шинэ инээдмийн детектив төрөл жанрын цувралд Цагаан ордонд зохиогдсон төрийн зоог барих ёслолын арга хэмжээний үеэр гарсан хүн амины хэргийн мөрдлөгийн талаар өгүүлэх бөгөөд гол дүр болох мөрдөгч Корделиа Капп (жүжигчин Узо Адуба) хэрэг гарах үед Цагаан ордонд байсан 157 сэжигтнээс алуурчинг хайж, олж тогтоох мөрдлөгийг эхлүүлдэг ажээ. Тус цуврал 3-р сарын 20-ны өдөр Netflix-ээр цацагдах болно.
The Studio – Кино студи

“Кино студи” хэмээх энэхүү инээдмийн цувралыг Сет Роген, Эван Голдберг нар бүтээсэн бөгөөд Сет Роген мөн гол дүрд нь тогложээ. Уг цувралд найруулагч Мартин Скорсез, жүжигчин Стив Бушеми, Пол Дэно, Оливиа Уайлде, Шарлиз Терон, Энтони Макки гэх зэрэг Холливудын олон бодит уран бүтээлчид өөрсдийнхөө дүрд тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа юм. Холливудын арын албаны талаар өгүүлэх энэхүү инээдмийн цуврал энэ сарын 26-наас эхлэн Apple TV+ платформоор гарч эхэлнэ.
The Divorce Insurance – Гэр бүл цуцлалтын даатгал

Өмнөд Солонгосын энэхүү инээдмийн шинэ цувралд гурван удаа гэрлэж, салсан Но Кижун гэгч даатгалын компанийн ажилтны талаар өгүүлэх бөгөөд тэрээр өөрийнхөө амьдралын туршлагаас үүдэн гэр бүл цуцлалтын даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, өөрийнхөө багт 3 ажилтанг элсүүлэн авдаг байна. Жүжигчин И Дон Вук, И Жү Бин, И Да Хи, И Кван Су нарын тоглосон 12 ангитай энэхүү цуврал БНСУ-ын tvN сувгаар энэ сарын 31-нээс эхлэн цацагдаж эхэлнэ.
One response to “3-р сард нээлтээ хийх телевизийн 10 цуврал”
The Art of Negotiation eniig huleej bn shuu. tnx