Канадын эрх баригч Либерал намын даргаар Марк Карни сонгогдлоо


Канадын төв банкны даргаар ажиллаж байсан Марк Карни Канадын эрх баригч Либерал намын даргаар сонгогдлоо.

Ням гарагт явагдсан Либерал намын даргын сонгуулийн санал тооллогоор нийт саналын 85.9%-ийн саналаар тэрээр хамгийн гол өрсөлдөгч, сангийн сайд асан Кристиа Фриландаас хол давуу байдлаар ялалт байгуулжээ. Сонгуульд нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Эрх баригч намын даргын сонгуулийн үр дүнг Канадын нийслэл Оттава хотноо 1600 гаруй намын гишүүдийн өмнө танилцуулсан бол санал хураалтад нийт 150 мянган хүн оролцсон хэмээн Либерал намын зүгээс мэдэгдсэн байна.

Ийнхүү Канадын ерөнхий сайд Жастин Трюдог ойрын өдрүүдэд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буусны дараагаар Марк Карни Канадын ерөнхий сайдын албыг хашихаар болж байна.

Өдгөө 59 настай Марк Карни ялалт байгуулсныхаа дараа тавьсан илтгэлдээ Канадын эсрэг импортын татварыг нэмэгдүүлж, мөн Канад улсыг АНУ-ын 51 дэх муж хэмээн удаа дараа нэрлээд байгаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын эсрэг чиглэсэн үг хэлж, “Трамп Канадын ажилчид, айл өрхүүд, бизнесүүдийн эсрэг увайгүй дайран довтолж байна, америкчууд алдаатай бодлого явуулж болохгүй, худалдааны тал дээр яг хоккейтэй ижил Канад улс л ялах болно, америкчууд бидэнд хүндлэл үзүүлэх хүртэл түүний засгийн газар АНУ-ын импортын эсрэг татвараа нэмсээр байх болно” гэжээ.

Өмнө нь Их Британи болон Канадын төв банкуудын тэргүүнээр ажиллаж байсан Марк Карни нь эх орноо эдийн засгийн хямралаас гаргаж байсан туршлагатай санхүүч, эдийн засагч боловч улс төрийн туршлага багатай, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй хүн юм.

Харин удахгүй тэрээр ерөнхий сайдын албанд очсоноор Канад улсын хамгийн том худалдааны түнш болох АНУ-тай өрнүүлж эхлээд буй худалдааны дайныг шийдвэрлэх амаргүй сорилттой тулгарахаар болж байна.

Түүнчлэн Канадын ээлжит парламентын сонгууль ирэх 10-р сард явагдах товтой боловч нэгдсэн сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу энэ сард багтаан явуулна гэсэн мэдээлэл байгаа учраас Марк Карни-гийн хувьд өөр нэг томоохон сорилт болох болно.

Марк Карни сонгуулийн мөрийн хөтөлбөртөө сүүлийн жилүүдэд улс төрийн гацаанд ороод байсан хий дамжуулах хоолой гэх зэрэг Канадын эрчим хүчний мега төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, орон сууц болон цэвэр эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийж, дотоодын худалдааг либеральчилж, эдийн засгаа солонгоруулж, АНУ-аас эдийн засгаа холдуулах арга хэмжээг авах болно гэх зэрэг амлалтуудыг өгсөн байна.


One response to “Канадын эрх баригч Либерал намын даргаар Марк Карни сонгогдлоо”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *