Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа үлдсэн Израилын иргэдийг суллахад шахалт үзүүлэх зорилгоор ням гарагаас эхлэн Газын зурваст нийлүүлдэг цахилгаан эрчим хүчээ таслах үүрэг тушаал авсан талаараа Израилын эрчим хүчний сайд Илай Коэн мэдэгджээ.
Ийнхүү 2 сая гаруй хүн амтай Газын зурвас руу орох олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зогсоосноос долоо хоногийн дараагаар эрчим хүчийг нь таслах тухай шийдвэрийг Израил улс зарлалаа.
Израилын эрчим хүчний сайд ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “бид барьцааны хүмүүсийг бүгдийг нь эх орондоо буцаан авчирч, энэ дайн дууссаны дараа Хамас гэдэг бүлэглэлийг бүрмөсөн байхгүй болгохын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ.
Израил улс дайн эхлэх үеэр Газын зурваст цахилгаан эрчим хүч нийлүүлдэг ихэнх сүлжээгээ тасдаад байсан бол ням гарагаас эхлэн үлдсэн бусад цахилгаан сүлжээний нийлүүлэлтээ таслахаар болоод байна. Түүнчлэн цэвэр усны шугамаа ч хаахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Харин Хамас бүлэглэлийн зүгээс Газын зурвасын цахилгаан болон усыг таслах нь барьцааны хүмүүст ч мөн нөлөөлнө гэдгийг анхааруулсан хариу мэдэгдэл хийсэн байна. Хамас бүлэглэлийн төлөөлөгчид ням гарагт Египетийн зуучлагчидтай уулзах үеэрээ гал зогсоох тохиролцооны хоёр дахь үе шатыг нэн даруй эхлүүлэхийг уриалжээ. Дайнд нэрвэгдсэн Газын зурвасын ихэнх дэд бүтцүүд устсан бөгөөд зарим цахилгааны хэрэглээгээ генераторууд болон нарны хавтангаар шийдэж байгаа ажээ.
Энэ оны 1-р сарын 19-нд эхэлж, 6 долоо хоногийн турш үргэлжлэн энэ сарын 1-ний өдөр өндөрлөсөн гал зогсоох тоохиролцоог үргэлжлүүлж, хоёр дахь үе шатыг эхлүүлэх тухай яриа хэлэлцээ даваа гарагаас Катар улсад ахин сэргэж эхлэхээр болоод байгаа юм.
Хамас бүлэглэлийн хувьд гал зогсоох тохиролцооны хоёр дахь үе шатанд үлдсэн бүх барьцааны хүмүүсийг суллаж, Израилын цэргүүдийг Газын зурвасаас бүрмөсөн гаргаж, дайныг өндөрлүүлэх шаардлагыг тавьсаар байгаа билээ.
Хамас бүлэглэлийн барьцаанд одоо Израилын 35 хүний шарил болон 24 иргэн амьд байгаа гэсэн тоон мэдээлэл байгаа юм.