Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Казахстан улсын Алматы олон улсын нисэх онгоцны буудалд хутгатай этгээд онгоцны буудлын ажилтан эмэгтэйг барьцаалсан хэрэг гарсан байна.
67 настай тэрхүү этгээдэд онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгийн ажилтан эмэгтэй бичиг баримтыг нь шалгах хүсэлт гаргах үед гал тогооны хутга гарган ирж, 21 настай тэрхүү ажилтан бүсгүйн үснээс нь зулгаан авч, нүүрэнд нь хутгаа тулган, сүрдүүлсэн байна.
Мөн тэрээр үүргэвчинд нь алсын удирдлагатай тэсрэх бөмбөг байгаа хэмээн сүрдүүлжээ.
Онгоцны буудлын ажилтан бүсгүйг орилж хашгирах үед нисэх онгоцны буудалд хамаатнуудаа гаргаж өгч байсан 52 настай, зодог тайлсан боксчин болох Муса Абдраим гэгч эрэгтэй барьцаалагч дээр очиж, тайван байдлаар ярилцаж, “бүсгүйн оронд намайг барьцаанд ав” хэмээн ятгасан бөгөөд гайхалтай нь барьцаалагч этгээд түүний саналыг зөвшөөрч, бүсгүйг суллан өнөөх эрэгтэйг барьцаанд авсан байна.
Барьцаалагч этгээдийн анхаарал сарних үеэр боксчин эр түүн рүү дайрч, хутганы иртэй хэсгээс нүцгэн гараараа барьж түүнтэй ноцолдох үеэр цагдаа болон аюулгүй албаны ажилтнууд оролцож, гэмт хэрэгтэнг баривчилжээ.
Цагдаагийн байгууллагаас тэрхүү барьцаалагч этгээд яагаад ийм хэрэг үйлдэх болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаагаас гадна түүнд үнэхээр тэсрэх бөмбөг байсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Ямартай ч түүнийг хүн барьцаалсан, зэвсэгт халдлага үйлдсэн, тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн гэх зэрэг хэдэн хэрэгт буруутгаж, дээд тал нь 12 жил хорих ял авах магадлалтай байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.
Баатарлаг үйлдэл гаргасан Муса Абдраим дээрх хэрэг явдлын дараагаар сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ өөрийнхөө үйлдлийг тайлбарлахдаа “өөрийн эрхгүй л хийчихсэн, тухайн үед их айсан, гэхдээ эр хүн, Бүгд найрамдах Казахстан улсын иргэн хүнийхээ хувьд би тийм эр зориг гаргахаас өөр арга байгаагүй” хэмээн хэлжээ. Тэрээр боксын спортоос гадна кикбокс, тай бокс болон бусад тулааны спортоор хичээллэж байсан ажээ.
Казахстан улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев эрэлхэг үйлдэл гаргаж, онгоцны буудлын ажилтан бүсгүйг аварсан Муса Абдраимд баатарлаг үйлсийнх нь төлөө төрийн одон медаль олгох болно гэсэн байна.