Украины ерөнхийлөгч В.Зеленский энэ сарын 11-ний өдөр буюу мягмар гарагт Украин, АНУ-ын яриа хэлэлцээ Саудын Араб улсад явагдана гэдгийг мэдэгдлээ.
Тэрээр 10-ны даваа гарагт Саудын Араб улсад хийх айлчлалаа эхлүүлж, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд ерөнхий сайд Мохаммед бин Салмантай хоёр талт хэлэлцээ хийх бол 11-нд Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, гадаад хэргийн сайд, батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн Украины төлөөлөгчид Саудын Арабт үлдэж, Америкийн төлөөлөгчидтэй зөвшилцөнө гэдгийг В.Зеленский мэдээлсэн байна.
Украин улс бүтээлч, үр дүнтэй яриа хэлэлцээ явуулахад туйлын зорилготой байгаа, ингэхдээ шаардлагатай шийдвэр болон алхмуудыг хэлэлцэж, тохиролцохыг хүсэж байна, дайныг өндөрлүүлэх бодитой шийдлүүд хэдийнээ хэлэлцээрийн ширээн дээр байгаа, хамгийн гол нь хурдан бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал учраас Украины ашиг сонирхлыг хэлэлцээрт багтааж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ В.Зеленский ням гарагт хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.
Улаан тэнгисийн эрэгт байрлах Саудын Арабын Жидда боомт хотод зохиогдох хоёр талын уулзалтад Украины талаас гадаад хэргийн сайд Андрей Сибига, батлан хамгаалахын сайд Рустем Умеров, зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Андрей Ермак, цэргийн коммандлагч Павел Палиса нар оролцохоор болсон байна.
Харин Украин-Америкийн уулзалтанд оролцох АНУ-ын төлөөлөгчдийн багт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц, Д.Трампын Ойрхи Дорнодын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф нар оролцохоор болсон бөгөөд яг энэхүү бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 18-нд мөн л Саудын Арабт явагдсан Орос-Америкийн уулзалтанд оролцож байсан билээ.
Ням гарагт мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн Украин-Америкийн уулзалтын талаар мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Саудын Арабт хийх яриа хэлэлцээ сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, АНУ Украинтай тагнуулын мэдээлэл солилцохоо түр зогсоох шийдвэрээ цуцласныг мэдээлжээ. Мөн тэрээр Оросын гаалийн татвартай холбоотой асуудлуудыг судалж байгаа, түүний засаг захиргаа ирэх долоо хоногт томоохон ахиц дэвшил гаргах болно гэсэн байна.
Уулзалтад оролцох АНУ-ын төлөөлөгчид яриа хэлэлцээний үеэр дайныг зогсоохын тулд Украин улс “бодитой энхийн гэрээ хэлэлцээр” байгуулах буюу буулт хийхэд бэлэн байгаа эсэх дээр үнэлгээ, дүгнэлт хийх болно гэжээ.
Түүнчлэн яриа хэлэлцээний үеэр мөн энхийн гэрээний бусад асуудлууд болон АНУ-Украины ашигт малтмал, газрын ховор элементийн гэрээний талаар үргэлжлүүлэн ярилцах ажээ.