Даваа гарагт АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан уламжлалт цэргийн сургуулилт эхлээд байна.
“Freedom Shield” буюу “Эрх чөлөөний бамбай” гэсэн нэрэн доор явагдах Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилт нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг албандаа орсноос хойш зохиогдож байгаа анхны томоохон хамтарсан цэргийн сургуулилт бөгөөд БНАСАУ-ын зүгээс эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.
Өнөөдөр эхэлж байгаа “Freedom Shield” цэргийн сургуулилалт энэ сарын 20-ны өдрийг дуустал Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах ба Солонгосын хойгт үүсэж болзошгүй дайны онц байдлын үед авч хэрэгжүүлэх хоёр улсын зэвсэгт хүчний үйл ажиллагааны сургуулилт хэлбэрээр явагдах ажээ.
Хамтарсан цэргийн сургуулилтад оролцогч АНУ, БНСУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Умард Солонгосын болзошгүй довтолгоо, стратеги тактикийн эсрэг үзүүлэх хариу үйлдлүүдийг сургуулилах бөгөөд хуурай газар, далай тэнгис, агаар болон сансар, мөн кибер орчинд 70 гаруй төрлийн сургуулилт явагдана гэдгийг мэдээлжээ.
11 өдрийн хугацаанд үргэлжлэх 2025 оны хаврын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр байлдааны сумаар галлах сургуулилтыг цуцласан байна. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын KF-16 байлдааны сөнөөгч онгоц буруу тооцооллын улмаас алдаа гаргаж, орон сууцны барилгыг бөмбөгдсөнтэй холбогдуулан ийнхүү байлдааны сум ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Мөн энэ удаагийн сургуулилтын үеэр сүүлийн үед шинэчлэгдээд байгаа Умард Солонгосын цэргийн тактик, ялангуяа GPS системийг гацаах, кибер халдлага боло дроны халдлагаас сэргийлэх, дээрх халдлагуудад хариу үйлдэл үзүүлэх сургуулилтыг явуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн баасан гарагт БНАСАУ-ын төрийн төв хэвлэл мэдээллийн агентлагийн зүгээс АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эрс эсэргүүцэж, уг сургуулилт нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хурцатгах болно гээд, “дайснууд үүнийхээ хариуг аймшигтайгаар амсах болно” хэмээн мэдээлжээ.