Даваа гарагт Английн зүүн хойд зүгт, Зүүн Йоркширийн эргийн ойролцоох Хойд тэнгист хоёр ачааны усан онгоц мөргөлдөн шатсан хэрэг явдал болсон байна.
АНУ-д бүртгэлтэй, Америкийн цэргийн зориулалттай түлш тээвэрлэж явсан Stena Immaculate хэмээх ачааны усан онгоцыг Португалийн далбаа бүхий Solong хэмээх маш хортой химийн бодис тээвэрлэж явсан карго ачааны усан онгоц мөргөсний улмаас Америкийн усан онгоцон дээр дэлбэрэлт болж, гал гарсан бөгөөд одоог хүртэл шатсаар байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Ослын газарт Английн эргийн хамгаалалтын нисдэг тэрэг, 4 завь болон ойролцоо явж байсан гал унтраах техник хэрэгсэл бүхий усан онгоцуудыг илгээж, нийт 36 хүнийг аварч, хүнд гэмтэлтэй нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн бол Solong хөлгийн багийн нэг гишүүн сураггүй болж, эрэл хайгуул эхлүүлсэн ч түүнийг олоогүй талаар эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.
АНУ-ын ачааны усан онгоцны багийн нэг гишүүн Португалийн туг далбаа бүхий Solong усан онгоцыг хаанаас ч юм гэнэт гарч ирээд мөргөсөн тухай ярьсан байна. Их хэмжээний натрийн цианид хэмээх хортой бодис тээвэрлэж явсан тэрхүү Solong ачааны усан онгоц нь Шотландын Гранжмаут боомтоос Нидерландын Роттердам боомтыг чиглэн явж байсан бол АНУ-ын Stena Immaculate ачааны усан онгоц Грекийн Агиой Теодорой боомтоос Английн Хамбер Эсчири боомт орохоор явж байжээ.
Натрийн цианид нь алтны уурхай, будагны үйлдвэр, метал бүрэх, хортон шавж устгах зэрэгт ашиглагддаг маш хүчтэй, хортой химийн бодис бөгөөд усанд уусах чадвар өндөр учраас хэрвээ усанд асгарч алдагдсан бол тэнгисийн экосистемд асар их хор хөнөөл учруулж болзошгүй ажээ. Одоогоор Solong хөлгийн тээвэрлэж явсан натрийн цианид усанд асгарсан эсэх нь тодорхойгүй байна.
Ослын дараах хүрээлэн буй орчны бохирдлын үнэлгээг гаргах ажил эхэлж, одоогийн байдлаар Америкийн усан онгоцноос Английн Хамбер Эсчири боомтын ойролцоох тэнгисийн усанд түлш асгарсан болохыг тогтоон мэдээллээд байна. Түүнчлэн Далай, тэнгисийн ослыг мөрдөх албаны тусгай мөрдөгчдийн баг ослын талаарх баримт цуглуулж, урьдчилсан дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэж байна. Их Британийн засгийн газраас мөн ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа талаар мэдэгджээ.