Нисэх онгоцны буудлын ажилтнууд ажил хаялт зарласнаар Германд олон зуун нислэг цуцлагджээ


ХБНГУ-ын нисэх онгоцны буудлын ажилтнууд улс орон даяар ажил хаялт зарласны улмаас тус улсад олон зуун нислэг цуцлагдаад байна. “Verdi” хэмээх холбооноос анх өнгөрсөн ням гарагт Хамбургийн нисэх онгоцны буудалд эхлүүлсэн ажил хаялт богино хугацаанд газар авч, үндэсний хэмжээнийх болж өргөжжээ.

Хувийн хэвшил болон зам тээврийн салбарын ажилчдын эрх ашгийг төлөөлдөг “Verdi” үйлдвэрчний эвлэлийн холбоо ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөлийн талаар ажил олгогчидтой маргаан өрнүүлсээр байгаа юм. Цалин нэмүүлэхтэй холбогдуулан зарласан уг ажил хаялтын улмаас Франкфурт, Мюнхен, Берлин гэх зэрэг Германы томоохон нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа саатаад байгаа тул зорчигчдыг нисэх онгоцны буудалд очихгүй байхыг анхааруулж эхлээд байна.

Уг ажил хаялтын улмаас өдөрт хэдэн мянган нислэг цуцлагдаж, хагас сая гаруй зорчигчийн төлөвлөгөөт аялалд саад учруулах болно хэмээн Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Жишээлэхэд: Даваа гарагт Хамбургийн нисэх онгоцны буудлын 143 хуваарьт нислэг цуцлагдсан бол Франкфуртын нисэх онгоцны буудлын 1770 нислэгийн ихэнх нь, Мюнхены нисэх онгоцны буудлын 820 нислэгийн дийлэнх нь цуцлагджээ. Мөн Штуттгарт, Дюссельдорф, Кёльн, Берлины нисэх онгоцны буудлууд ч олон зуун нислэгээ цуцалсан байна.

Герман улсын томоохон нисэх онгоцны буудлуудыг төлөөлдөг ADV байгууллага “Энэхүү ажил хаялт агаарын зорчилт хөдөлгөөний урсгалыг тэр чигт нь сааталд орууллаа. Герман төдийгүй Европ, олон улсын агаарын тээврийн хөдөлгөөнд нөлөөлж эхлээд байна” гэжээ.

“Verdi” үйлдвэрчний эвлэлийн холбоо нисэх онгоцны буудлын ажилчдын цалинг 8%-иар, эсвэл сарын цалинг багадаа 350 еврогоор нэмэх, амралтын нэмэлт 3 өдөртэй болгохыг шаардаж байгаа ажээ. Тус холбоо ажил хаялт агаарын тээврийн хөдөлгөөнийг саатуулна гэдгийг ойлгож байгаа ч ажилчдын цалинг нэмүүлэхийн тулд зайлшгүй ийм арга хэмжээ авах шаардлагатай байсан талаараа мэдэгджээ.

Нисэх онгоцны буудлын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаарх ээлжит яриа хэлэлцээг энэ сарын 26-ны өдөр явуулахаар талууд тохиролцсон боловч тэр болтол агаарын тээврийн хөдөлгөөнд үүсээд байгаа энэхүү саад бэрхшээл хэрхэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *