АНУ, Украины уулзалтын өмнө Украины ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү бөгөөд ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль Саудтай Жидда хот дахь Салам ордонд уулзсан байна.
Уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцааг дүгнэж, Украины хямралын эргэн тойрон дахь сүүлийн үеийн үйл явдлын талаар ярилцжээ.
Хоёр орны удирдагчид мөн Украины олзлогдсон цэргүүдийг суллаж, ОХУ-д хууль бусаар гарч явсан Украины хүүхэд, багачуудыг эргүүлэн авчрах тал дээр Саудын Араб улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломж бололцооны талаар, түүнчлэн Украинд урт хугацааны энх тайван байдлыг авчирч, Украин улсад гаргаж өгөх аюулгүй байдлын баталгааны асуудлаар ярилцаж, санал солилцсоноос гадна батлан хамгаалахын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар В.Зеленский Саудын Арабын хунтайжтай ярилцсан болохыг Украины ерөнхийлөгчийн албаны зүгээс мэдээллээ. Украин улс мөн Саудын Арабтай худалдаа болон эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой тул дээрх салбарууд дахь Риядын оролцоо болон Украины дайны дараах нөхөн сэргээлтэд Саудын Арабын хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсаныг Украины ерөнхийлөгчийн албанаас онцолсон байна.
Хямралыг зохицуулах, энх тайвныг тогтооход чиглэсэн бүх хүчин чармайлтыг Саудын Араб дэмжиж байгааг Мухаммад бин Салман Аль Сауд онцолсон бол В.Зеленский Саудын Арабын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, талархаж байгаагаа илэрхийлээд, Саудын Араб улсыг Ойрхи Дорнод болон олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэжээ.
Ийнхүү Украины ерөнхийлөгчийн Саудын Араб улсад хийсэн албан айлчлал, уулзалт хэлэлцээ өндөрлөсөн бол өнөөдөр Улаан тэнгисийн эрэгт байрлах Саудын Арабын Жидда боомт хотод АНУ-Украины уулзалт зохиогдох болно. Хоёр талын уулзалтад Украины талаас гадаад хэргийн сайд Андрей Сибига, батлан хамгаалахын сайд Рустем Умеров, зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Андрей Ермак, цэргийн коммандлагч Павел Палиса нар, АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц, Д.Трампын Ойрхи Дорнодын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф нар оролцох юм.