Филиппин улсын ерөнхийлөгч асан Родриго Дутертег мягмар гарагт Манилагийн нисэх онгоцны буудалд буух үед нь Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалын дагуу баривчилсан талаар тус улсын ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ.
Хонконгоос эх орондоо буцаж ирэх үедээ баривчлагдсан Родриго Дутертег олон арван хүний аминд хүрч, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Өдгөө 79 настай Р.Дутерте Филиппин улсын ерөнхийлөгчийн алба хааж байх хугацаандаа хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дайн зарлаж, түүний эхлүүлж зөвшөөрөл олгосон тэрхүү кампанит ажлын хүрээнд цагдаа нар олон арван мянган хүнийг хороож байсан түүхтэй.
Харин хүний эрхийн байгууллагуудын зүгээс тэрхүү кампанит ажлын үеэр амиа алдсан зарим хүмүүс хар тамхи, мансууруулах бодистой ямар ч холбоо хамааралгүй, ядуу зүдүү хүмүүс байсан гэдгийг батласан байна.
Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркосын албаны зүгээс “Манила хот дахь Интерполын салбарт Олон улсын эрүүгийн шүүхээс илгээсэн баривчлах тушаалын хуулбарыг хүлээн авсан бөгөөд ерөнхийлөгч асан Р.Дутерте Филиппинийн эрх баригчдын хяналтанд байгаа, түүний биеийн байдал хэвийн, эмч нарын байнгын хяналтанд орсон” хэмээн мэдээлжээ.
Р.Дутертегийн тушаалаар Филиппин улс 2019 онд Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүнчлэлээ цуцалж байсан ч түүнийг буруутгаад байгаа дээрх аллагын хэргүүд нь ерөнхийлөгч болохоос ч өмнө, Давао хотын дарга байхад нь үйлдэгдсэн хэргүүд учраас ОУЭШ-ийн баривчлах тушаал шийдвэр хүчинтэй ажээ.
Дутертегийн засаглалын үед хар тамхины хэрэгт холбогдсон 6000 гаруй хүнийг хороосон байдаг ч дээрх хэргүүдэд ердөө 9-хөн цагдаагийн албан хаагчийг яллаж, хорьсон байдгийг Филиппинийн засгийн газраас мэдэгдсэн байна.