USAID агентлагийн нийт төсөл хөтөлбөрийн 82%-ийг албан ёсоор бүрмөсөн зогсооно


USAID буюу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг нийт төсөл хөтөлбөрүүдийн 80 гаруй хувийг албан ёсоор бүрмөсөн зогсоож байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зарлан мэдэгдсэн байна.

Тэрээр өөрийн Х хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ USAID-ийн хөтөлбөрүүдэд зарцуулсан олон арван тэрбум долларын хөрөнгө АНУ-ын ашиг сонирхолд нааштай эерэг үр дүн ч авчраагүй, мөн ямар нэгэн хохирол ч учруулаагүй гэдгийг дурдсан байна. 

Мөн тэрээр нийтлэлдээ Конгресстэй зөвлөлдөж, сайтар судалж нягталсны дараагаар USAID агентлагийн хэрэгжүүлж буй 6200 төсөл хөтөлбөрөөс 5200 орчмыг нь албан ёсоор цуцлаж, бүрмөсөн зогсоож байгааг мэдэгдэж, энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн АНУ-ын Засгийн газрын үр бүтээмжийн департамент болон Төрийн департаментын ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Ийнхүү USAID-ийн төсвийг 80 гаруй хувиар танаж, ердөө 18 хувийн төсөв бүхий агентлагийн үлдсэн төсөл хөтөлбөрүүдийг л Төрийн департамент санхүүжүүлэхээр болжээ.

Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албандаа орсон даруйдаа өөрийн “Америк нэгдүгээрт” стратеги бодлогын хүрээнд гадаадын улс орнуудад зарцуулдаг хөрөнгийг багасгах зорилгоор USAID агентлагийн олон мянган ажилтнуудыг чөлөөлж, хилийн чанад дахь ажилтнуудыг эргүүлэн татаж, олон улсын тусламжийн хөтөлбөрүүдийн санг царцаасан юм.

Өлсгөлөн, халдварт өвчин, дайн тулаантай бүс нутгууд дахь хүмүүнлэгийн тусламж гэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжүүлж байсан USAID агентлагийн санхүүжилтийг зогсоож буй явдалд олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын зүгээс харамсал илэрхийлж, сөрөг үр дагавар авчрах болно гэдгийг анхааруулсаар байгаа билээ.

USAID агентлагийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан Судан, Оман, Энэтхэг зэрэг улсуудад хэдийнээ сөрөг үр дагаврууд гараад эхэлснийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

АНУ-ын Ардчилсан намын гишүүд болон олон тооны хүмүүнлэгийн байгууллагууд мөн Конгрессоос санхүүждэг USAID агентлагийн төсөл хөтөлбөрүүдийг олноор нь бүрмөсөн зогсоож байгаа явдлыг хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *