Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар холбогдон, “эерэг, маш бодитой, илэн далангуй, үр дүнтэй” яриа хэлэлцээ хийсэн талаараа Украины ерөнхийлөгч В.Зеленский өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ.
Тэрээр Д.Трампыг ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар хийсэн яриа хэлэлцээний гол асуудлуудаа түүнтэй хуваалцаж, Украин-Америкийн талууд дайныг зогсоож, энх тайванд хүрэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой гэдэгт дээр санал нэгдэж, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын манлайлал удирдлага дор 2025 онд энх тайванд хүрч чадна гэдэгт Украин итгэлтэй байгааг тэмдэглэсэн байна.
Нэг цагийн хугацаанд үргэлжилсэн ярианы үеэр Зеленский мөн эрчим хүч болон төмөр зам, боомт гэх зэрэг иргэний дэд бүтцүүдэд хэсэгчилсэн байдлаар гал зогсоох санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч мөн Москвагийн зүгээс гал зогсоох тохиролцоог зөрчсөн тохиолдолд Украины тал хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулжээ.
Трамп, Зеленский нарыг мөн Украины Запорожье дахь цахилгаан станцыг АНУ эзэмших асуудлын талаар ярилцсан болохыг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар Зеленский “бид Оросын эзлэж авсан бүсэд орших ердөө ганцхан цахилгаан станцын эзэмшлийн талаар ярилцсан” хэмээн мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украинд гал зогсоох тохиролцооны аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх үүднээс тус улсын цөмийн цахилгаан станцуудыг эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцах саналыг тавьсан ажээ.
Дараагаар нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хийсэн илүү дэлгэрэнгүй мэдэгдэлд Трампыг Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт системийн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон, мөн Америк, Украины зэвсэгт хүчний штабын хооронд харилцаагаа ойртуулж, мэдээлэл солилцохоор тохиролцсон болохыг мэдээллээ.
Улмаар хэсэгчлэн гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой техникийн асуудлыг шийдвэрлэхийг хоёр талын ажлын багт даалгаж, Украин, АНУ-ын багууд ойрын өдрүүдэд Саудын Арабт уулзахаар болсон байна. Түүнчлэн ОХУ, АНУ-ын багийнхан ирэх долоо хоногийн эхээр уулзахаар төлөвлөөд байгаа юм.
Ийнхүү хэдийгээр ОХУ, Украины төрийн тэргүүнүүд эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлэхгүй байх хэсэгчилсэн гал зогсоох саналыг хүлээж аваад байгаа ч дайн байлдааны талбарт довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа хэмээн харилцан нэгнээ буруутгаад байгаа билээ.
Хэдий тийм боловч Орос, Украин улсуудын хооронд мөн лхагва гарагт хоригдол солилцоо явагдсан байна. Хоёр талаас эн тэнцүү 175 олзны цэрэг солилцсон бол Оросын талаас маш хүнд шархтай 22 цэргийн нэмж сулласан болохыг Украины ерөнхийлөгч онцолжээ. Москвагийн зүгээс энэ удаагийн солилцоог Трамп-Путины утасны ярианы дараагаар сайн санааны үүднээс төлөвлөн зохион байгуулсан гэдгийг ч онцолсон байна.
Энэ долоо хоногт гал зогсоох асуудлаар ОХУ, Украины төрийн тэргүүдтэй утсаар ярилцсан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформд бичсэн нийтлэлдээ “бүрэн гал зогсооход чиглэн явагдаж буй хүчин чармайлт амжилттай үргэлжилж байна” хэмээн тодотгосон байна.