Г.Төмөр: Хүүхдэдээ амьд сэрүүн харагдахын тулд бөөр шилжүүлэн суулгуулах хүсэлтэй байна


УНТЭ-ээс сэтгүүлчдэд хийж буй хэвлэлийн хуралд өөрийн хүсэлтээр нэгэн өвчтөн иржээ.

Г.Төмөр:

-Би донор хүлээж буй, бөөрний дутагдалтай мянган мянган улсуудын төлөөлөл. 1977 онд Өмнөговьд төрсөн. Гончигийн Төмөр гэж хүн байна. Хилийн цэрэгт 2009-2019 он хүртэл ажилласан. 2019 онд бөөрний дутагдал гэдэг оноштойгоор гемодиализын аппаратад ороод, 7 жил болж байна.

Түүнээс хойш эрүүл мэндийн хувьд зүрх өвддөг болсон. Өдөр бүр маш их эм уудаг. Эм их ууснаас болоод, ходооны асуудалтай болж байна. Заримдаа даралт 200-210 болж өсдөг. Эрүүл мэнд маш хэцүү болж байгаа учир донорын эрхтэн хүлээгээд маш их удаж байна. Аль болох донор олдоод, эрхтэн шилжүүлэн суулгуулвал миний амьдрал илүү сайжирна гэдэгт итгэлтэй байгаа.

Би 4-р бүлгийн цустай. 4-р бүлгийн цустай өвчтөнүүдийн хүлээлгийн жагсаалтад 14-т бичигдсэн. Миний өмнө 1, 2, 3-р бүлгийн цусны 100, 100 хүн бий. Тиймээс кадавр донор хүлээгээд амьдарч байна.  

Миний бага хүүхэд 5 настай. Хүүхдэдээ амьд сэрүүн харагдахын тулд бөөр шилжүүлэн суулгуулах хүсэлтэй байна. Надтай адил аппаратад орж буй хүмүүс бүгд надтай адилхан кадавр донор хүлээж байгаа.

-Таныг энэ хуралд дуудсан юм уу?

-Намайг дуудаагүй.

-Бөөрнөөс бусад эрхтэн эрүүл үү?

-Жил бүр шинжилгээ өгдөг. Сая шинжилгээгээ өгчихсөн. Бөөрний дутагдал гэдэг л оноштой болхоос В, С вирүс, янз бүрийн юм надад байхгүй.

-Ах дүү, төрөл төрөгсдөөсөө бөөрөө өгөх хүн хайж үзсэн үү?

-Ах дүү нарын эд, эсийн нийцэл таараагүй. Амьд донор олдохгүй байгаа. 7 жил болж байна шүү дээ.

-Цусаа ямар давтамжтайгаар шүүлгэдэг вэ?

-7 хоногийн 1, 3, 5 дахь өдөр цусаа шүүлгэдэг. 1 удаа орохдоо 4 цаг. 7 жилийн турш ингэж явж байна. Би та нарт судсаа харуулъя л даа.

Өнөөдөр аппаратад цуг орсон хүмүүс “Баяртай. 3 дахь өдөр уулзъя” гээд явахад ирдэггүй. “Өчигдөр өнгөрчихсөн гэнэ ээ, хөөрхий” гэдэг. Зүрх ч юм уу, дийлэхгүй. 6, 7 хүн ингэж нөгөө ертөнц рүү явлаа. Тийм юм харсан хүн чинь, би өөрөө адилхан өвчтэй хүн шүү дээ. Хэзээ надад асуудал гарах бол гээд… Маргааш өглөө би амьд босох болов уу, үгүй юү гээд. Би чинь 5 настай хүүхдээ харахаар хэцүү байдаг. Юм юм л хэцүү байдаг.

-Эмээ яаж авч ууж байна вэ?

-1 өдөрт 30-40 мянган төгрөгийн эм хэрэглэдэг. Кальц, Д витамин уудаг. Цус төлжүүлэх тариа хийлгэдэг. Энэ тариаг хийлгэхгүй бол, бүх юмаа шүүлгээд гаргачихдаг учраас. Сард 1 сая гаруй төгрөгийн зардал гардаг.

800 мянган төгрөгийн грүпптэй. Улсаас 300 мянган төгрөгийн халамж өгдөг. Улиралд 60 мянган төгрөг эм тарианы мөнгө гэж өгдөг. Түүгээр 3 тариа аваад дуусдаг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *