Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн 4 дүгээр сарын 9-ний 11:40 цагаас нээлтээ хийнэ. 4-р сарын 9-18 хүртэл 10 хоногийн хугацаанд Монголын үндэсний музей, Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй энэ үзэсгэлэнг Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэглэн олон нийтэд танилцуулна.
Соёлын биет бус өв болох нүүдэлчдийн эртний язгуур өвөг хөгжим хэл хуурыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх юм. Аман хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархаж тухайн орны байгаль цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулан 20 гаруй угсаатны 90 гаруй аман, хэл хуурыг олон нийтэд үзүүлэх юм. Тодруулбал: 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Моринтолгойн дурсгалт газрын Хүннүгийн булшнаас олдсон ясан хуурын хувилмал загвар, эртний баатруудын нуман хуур, бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, Якут, Польш, Унгар, Тува зэрэг олон орны сонин содон хэл хуурыг эндээс үзэх боломжтой.
Тус үзэсгэлэнгийн үеэр үзэгчдийн насны онцлогт тохирсон эвент, арга хэмжээ, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнд:
- “Хулсан хуур урлахуй” боловсролын хөтөлбөр
- “Хөгжимт зургийн сэтгэл засал” эвент
- “Хэл хуур мину” танилцуулга сургалт
- “Тод эгшиг хэмнэл” хөгжимт сэтгэл заслын боловсролын хөтөлбөр
- “Өвлөн уламжлагчид ба эртний хөгжмүүд” хэл хуурын тоглолт