Э.Энхмөрөн: Ээжийгээ, төрсөн 2 эгчийгээ аварчхаад, ийм нэр зүүсэн бол гомдох юм байхгүй байх байлаа


Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулууны зээ дүү Э.Энхмөрөнтэй ярилцлаа. Тэр бол П.Батчулууны төрсөн эгч П.Саранчулууны охин юм.

-Ээж чинь өвдөөд хэр удаж байгаа вэ?

-Миний ээж чихрийн шижинтэй. Ийм өвчин тусаад 25 жил болж байна. Сүүлийн 6 жил диализын аппаратад орж байгаа. Эхэндээ 7 хоногт 2 удаа ордог байснаа одоо 3 удаа ордог болсон.

П.Батчулуун эмч ямар ч байсан ээж, 2 эгчдээ бөөрний донор олж өгч чадаагүй л юм байна. Гэтэл нагац ахыг чинь зарим хүн эрхтний наймаачин гэж бодож яваа шүү дээ.

-Манай гэр бүлийг, миний ахыг маш муухайгаар харлуулж, олон нийтэд маш муухайгаар харуулж байгаад, бид маш харамсаж байна. Зарим хүн байж боломгүй зүйл хэлж байгаа. Нарийн учрыг нь мэдэхгүй байж, мэддэг юм шиг мэдэмхийрч байна.

Миний эмээ, ээжийн маань том эгч чихрийн шижингийн улмаас бөөр нь өвчилсөн. Өвчин нь хүндэрснээс болоод, тэнгэрт хальсан. Хэрэв миний ах эрхтний наймаачин байсан бол бид эмээгээ, эгчийгээ, ээжийгээ аварч чадах байсан. Миний ээж өнөөдөр 7 хоногт 3 удаа диализын аппаратад орохгүй байх байлаа. Биднийг таньдаг, мэддэг хүмүүс бүгд үүнийг мэдэж байгаа.

Миний ээж ч бөөр солиулах шаардлагатай ч гэсэн бид хууль бусаар авахгүй. Тийм муухай үйлдэл хийх ч үгүй. Тийм юм хийх ч хүмүүс биш.

Зөвхөн Батчулуун эмчийн ард гэхэд бөөрний донор хэрэгтэй 2-3 хүн байж байна. Энэ бол эрхтний донор Монголын ард түмэнд маш тулгамдсан асуудал болж байгааг харуулж байгаа юм. Маш их төлбөр төлж, гадаадад эмчлүүлэх боломжгүй хүмүүс эх орондоо энэ хагалгааг хийлгэх, хүний амь насыг аврах боломжтой. Ийм чухал зүйлийг ингэж ард нийтээр гутаан доромжилж, буруу тийш нь мушгиж байна. Зарим мэдлэггүй хүмүүс, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж байгаа хүмүүсийн харгайгаар Монгол Улсад маш том асуудал үүсэж байна. Энэ бол маш нухацтай хандах, том асуудал. Үндсэн хуулиар олгосон амьд явах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхийг ямар нэг байдлаар хааж байна гэж бид харж байгаа.

Хэрвээ миний ах өөр сэдлээр энэ ажлыг хийдэг юм бол, өөр сэдлээр энэ ажлыг эхлүүлсэн бол миний ээжид, эгчид, эмээд энэ хүмүүсийн яриад байгаа шиг бөөр олж тавиад, одоо болтол амьд байлгах нь яасан юм. Тийм биз дээ? Энэ хүн энэ ажил, мэргэжлийнхээ төлөө, ямар нэг байдлаар буруугаар ашиглахгүйн төлөө, сөрөг үр дагавар бий болгохгүйн төлөө ингэж их хичээсэн. Үүнийхээ төлөө ийм нэр зүүгээд, тийм газар хэвтэх байсан юм бол өөрийнхөө ээжийг, төрсөн 2 эгчээ аварчхаад сууж байсан бол гомдох юм байхгүй шүү дээ гэж хүртэл бодогдож байна.

-Ахыг чинь буруутгаж байгаа хэрэгт П.Батчулуун эмчийн гарын үсэгтэй ямар нэг баримт байгаа болов уу?

-“Зариг”-ийн зарлаад байгаа бичиг, баримтыг үзэхэд, миний ахын гарын үсэг байдаггүй юм байна лээ. Ах хагалгаанд орсон баримт ч байхгүй.

Батчулуун ахтай холбоотой мэдээллийг 2023 оны 9-р сараас анх сэвж эхэлсэн. “Зариг” миний ахын овог, нэр, ажил, бүх юмыг зарласан. Тэгэхэд бид бүгд сандраад гэрт нь очсон. Ах “Надад буруу байхгүй. Би бүх юмыг хуулийн дагуу хийсэн. Монголын шүүх, хуулийнхан энийг үнэн зөвөөр нь шийдэж чадна аа. Төрийн сүлд намайг харна аа. Би ямар нэг буруу зүйл хийгээгүй учраас зүгээр” гэж биднийг тайвшруулсан.

-Та нар яагаад ахыгаа цагдаад дуудагдсан анхны өдрөөсөө өмгөөлөгч аваагүй юм бэ? Их хожуу өмгөөлөгчтэй болсон юм байна лээ.

-Хэрвээ миний ах буруу юм хийсэн бол, хүнээс айж ичих юм хийсэн бол анхан шатны мөрдлөг дээр өмгөөлөгчгүй очихгүй л байсан байх. Та нар бодоод үзэхгүй юү. Үнэхээр ямар нэг асуудал байхгүй учраас яллагдагчаар татагдах хүртлээ миний ах өмгөөлөгчгүй явсан. Яллагдагчаар татагдсаныхаа дараа өмгөөлөгч авсан. Ямар ч тэнэг хүн яллагдагчаар татагдчихаад, өмгөөлөгчгүй ганцаараа мэдүүлэг өгөөд явахгүй л байх. Үүнийг ард иргэд мэдэх ёстой байх.

-Танайхан яагаад чимээгүй байгаад байсан юм бэ?

-Батчулуун эмчийг 2 шатны шүүх буруутгасан учраас үнэн байж магадгүй гэдэг мэссэж ард түмэнд өгөөд байгаа нь харамсалтай. Үнэндээ бол сул дорой, ямар нэг буруутай, юм нуугаад байгаа болохоор чимээгүй байгаа юм биш шүү. Хуульд итгэсэндээ юм шүү. Хуулийн байгууллага үнэн зөв шийдэж өгч чадна гэж итгэсэн.

-Хэн нэг хүн та нарт чимээгүй байхыг зөвлөсөн юм биш биз? Магадгүй “Сэтгүүлчдэд мэдээлэл өгвөл шүүхэд нөлөөлөх гэж оролдсон гэж үзнэ” гэж буруу ойлгуулсан ч байж магадгүй. Эмч нарт лав тэгж ойлгуулсан байна лээ. Шүүхэд нөлөөлөх гэж шал өөр зүйлийг хэлдэг юм шүү дээ…

-Ахын өмгөөлөгчдөөс нэр бүхий улстөрч дуудаж уулзсан, анхан шатны шүүхээр ялагдсаны дараа. Тэр хүн “Энэ асуудлыг би анхаарна. Энэ бол хаалттай хэрэг учраас та нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгч болохгүй” гэсэн. Бид түүнд итгэсэн.

Гэтэл энэ асуудал газар авчихсан. Хүн бүр л ахыг минь эрхтний наймаачин гээд эхэлсэн. Надад бол муухай л санагдаж байна. Ахыгаа өмөөрөөд 2 үг хэлчихмээр байдаг. Хүмүүсийн постон доор юм биччихмээр байдаг. Гэсэн ч “Хэрэг задруулсан хэрэгт орчихдог юм болов уу” гээд чимээгүй байсан.

Одоо бодоод байхад энэ бүхэн бидэнд сэрдлэг бий болгож байгаа. Үүний цаана  ямар нэг өөр ашиг сонирхол байгаад байна.

“Шүүх гэм буруугүйг минь тогтооно” гэсээр миний ах ийм хүнд байдалд орчихсон нь үнэхээр эмгэнэлтэй. Манай гэр бүлээс гадна энэ салбарт зүтгэж байгаа эмнэлгийнхэн, амьд явах гэж тэмцэж яваа өвчтөнүүд, хүний амь аврахын төлөө хичээж байгаа багш нар, энийг суралцахаар хичээж байгаа оюутнуудад ямар аймаар хортой асуудал болж байгааг хуулийн байгууллагынхан харсаар байж, үнэн зөв шийдэхгүй байна.

-Давж заалдах шатны шүүх хурлаас хойш, маш олон хоногийн дараа шүүх П.Батчулуун эмчийн талаар сэтгүүлчдэд ерөнхий мэдээлэл өгсөн. Хууран мэхэлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүний эрхтнийг авах гэсэн зүйл ангиар П.Батчулуун эмчийг ялласан байна лээ…

-Шүүх хурал эхнээсээ олон нийтэд ил байгаагүй. Ар гэрийнхнийг нь, сэтгүүлчдийг оруулаагүй. Эхний хурал нь нээлттэй болсон ч шийдвэр нь хаалттай байсан. Дараагийн шатных хаалттай болж, шийдвэр нь бас хаалттай байж байснаа олон нийт “Юу болов. Эмчийгээ хэлмэгдүүлээд байгаа юм биш. Эмчээ сулла. Шүүх зөв шүүсэн үү?” гээд ирэхээр “Ард иргэд мэдэхийг хүсээд байгаа болохоор” гэж тийм мэдээлэл цацсан. Энэ нь их сонин санагдаж байгаа. Захиалгатай юм шиг санагдаж байна. Үүний цаана хэн нэгэн хүн байж ч магадгүй.

Би буруу бодож байж ч магадгүй л дээ. Энэ бол миний бодол. Хүмүүс мэдэхгүй сэдвээ мэддэг юм шиг яриад, асуудал үүсгэж чадаж байгаа юм чинь би ч гэсэн бодлоо хэлж болно байх.

Мөрдөн байцаах албаныхан энэ асуудлыг хохирогчтой хэрэг гэж үзэх гээд байгаа юм бол яагаад тэр хүнийг дайрч алсан жолооч тэр донор охиныг хохироосон анхны хохироогч биш юм бэ? Тэр донор охиныг хөнөөсөн машины осол яагаад миний ахынх шиг сэвэгдэхгүй байгаа юм бэ?

Гарын үсэг нэг ч зураагүй, хүний амь аврахын төлөө явсан Батчулуун эмчийг яагаад яллаад байгаа юм бэ? Яллах ямар хэрэг байгаа юм бэ? Амьтай, амьгүй донорын талаар өмгөөлөгч нар маш сайн тайлбарлаж хэлээд байхад, яагаад авч үзэхгүй байгаа юм бэ? Надаас дор өмгөөлөгч байв гэж.

О.Сэргэлэн эмчийн яриаг би үзсэн. “Гадны шинжээч томилж, шалгуулах ёстой” гэсэн. Яагаад шинжээч томилоогүй юм бэ? “Батчулуун эмчид ямар нэг буруу байгаа” гэдэг ойлголтыг ард түмэнд өгтөл нь энэ асуудлыг хаалттай байлгасан. Нэр бүхий хуульч, өмгөөлөгч нар амьтай, амьгүй донор, Донорын хуулийг тайлбарласан. Батчулуун ахыг яллаад байгаа Эрүүгийн хуулийн 15.3.2 гэдэг чинь амьтай донорт хамаатай заалт. Заналхийлсэн гээд байгаа. Яаж амьгүй хүнийг хуурч, мэхэлж, заналхийлэх юм бэ? Бид энийг сүүлд шүүж, ухаж мэдсэн. Эхэндээ бид мэдээгүй. Шүүх 2025.03.15-нд мэдээллээ цахим хуудсанд байршуулсан. Түүнийг үзээсэй, танилцаасай.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маш нарийн юм билээ. Эмч нарыг хэлэхэд л мэдсэн. Хүмүүс мэдэхгүй зүйлийнхээ талаар хамаагүй ярьж, бичиж байна.

-Сошиалд тавигдсан мэдээллүүдийг харахад, цэцэг, жимс, ургамал, мал амьтны зурагтай хүмүүс маш сөрөг сэтгэгдэл бичиж байна. Бидний ч мэдэхгүй мэдээллийг бичиж байсан. Бид маш их гайхсан. Хэвлэлийн бага хурал хийж, пост бичдэггүй юм аа гэхэд бид бүх юмыг уншиж л байна. Үнэхээр чин сэтгэлээсээ хандаж байгаа хүмүүс бол өөрийнхөө зурагтай хаягаас пост, сэтгэгдэл бичиж байсан. Хардахдаа ч гэсэн. Энэ цэцэг, жимс, ургамлууд эмч юм шиг, хууль сахиулах байгууллага юм шиг, шүүх хуралд ороод суучихсан юм шиг, мэдээллийг яаж ингэж мэдэж тавьж, сэвээд байна аа. Үүнийг би сонгуульд ашигладаг троллууд нь юм байна гэж хардаж байгаа. Би хардах эрхтэй. Энэ тролл ажиллуулах хэмжээний асуудал юм уу? Бид тролл ажиллуулах хэмжээний асуудал гэж бодоогүй. Хэрэв тийм юм бол энэ хэргийн цаана өөр зүйл байна.

Ахын маань эрүүл мэндэд санаа тавиад, дэмжлэг үзүүлж байгаа донорууд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн яриаг үзээд бид уйлсан. Үнэхээр сэтгэл өвдсөн. Ахын маань төлөө тийм мундаг эмч нар хэвлэлийн бага хурал хийгээд сууж байхад бид маш их эмзэглэсэн. Тэгэхэд энэ асуудлыг үнэн зөв шийднэ гээд тэнд сууж байгаа шүүх засаглал, хуулийнхан надад асуудалтай санагдаад байгаа. Үүнийг бид маш их гайхаж байгаа.

Энэ эмч, сувилагч, ажлаа хийхээс айж бэргэж байгаа хүмүүст бид маш их санаа зовж байгаа. Энэ чинь ганцхан Батчулууны хэрэг биш болчихлоо. Эрүүл мэндийн салбар, эрхтэн шилжүүлэх чиглэлээр дагнан суралцаж байгаа мэс заслын эмч нар, донорын албыг удирдах хүмүүст сэтгэлийн маш их дарамт үүсгэж, өөртөө итгэлгүй болгож байгаа гэж бид харж байгаа. Энэ хүмүүст яаж итгэл найдвар бий болгож өгнө дөө гэж маш их санаа зовж байна.

,

2 responses to “Э.Энхмөрөн: Ээжийгээ, төрсөн 2 эгчийгээ аварчхаад, ийм нэр зүүсэн бол гомдох юм байхгүй байх байлаа”

  1. Гавьяа ч үгүй гавих юмгүй авилгачин аархагч нарийг өршөөлөөр сулаллаа гдг нэг эмчийг энэ олны өмгөөлөлөөр өршөөл үзүүлж чадахгүй бн уу ерөнхийлөгчөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *