Цахилгаан дугуй, скүүтертэй зэрэгцэн зорчиж сурах хэрэгцээ нийтэд үүссэн гэв үү? Улаанбаатар хотын түгжрэл энд амьдарч байгаа хүн бүрд хэрхэн түгжрэхгүй байх эрэл хайгуулыг бий болгоод удаж байна. Зам дээр бүтээмжийн алтан цагаа бензинтэй хамт шатааж өнгөрөөхгүйн тулд алхаж, алхах хурдаа хурдасгахын тулд унадаг дугуй, суррон, скүүтерийг эрсдэлтэй ч гэсэн унаж амь дүйхээс өөр сонголт Нийслэлчүүдэд үлдсэнгүй. Гэтэл түгжрэлийн эсрэг өрнөж байгаа дээрх үйл явц иргэдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг маш том хүчин зүйл болж айдас дагуулсаар байна. Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байгаа талаар ГССҮТ-өөс анхааруулж буй. Тодруулбал, сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Тоо улам бүр өссөөр 2024 онд 532 болж 3 ч хүн алтан амиа алдсан байна. Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:
Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9%,
Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
Дээрх төрлийн осолд өртөгсдийн 22 хувь нь тархи толгойндоо гэмтэл авсан бол 21,1 хувь нь тохой шуундаа, 17 хувь нь өвдөг шилбэндээ гэмтжээ.
Нийт тохиолдлын 93 хувь буюу 495 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд эдгээр иргэдийн 91.2 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна.
Энэ бүх тоо суррон, мопедтой залуус замын хөдөлгөөнд хэрхэн оролцохоо мэдэхгүйтэй, цаашлаад дүрэм тодорхойгүй байгаатай холбоотой. Тиймээс энэ төрлийн тээврийн хэрэгслийг хуулиар заавал зохицуулах шаардлага үүсээд байна. Зөвхөн унаж зорчиж байгаа иргэдээс гадна гудамжаар алхаж байгаа иргэдийн эрүүл мэндэд хүртэл заналхийлсэн дээрх асуудалд зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь нууц биш. Цахилгаан дугуй, скүүтерээс үүдэлтэй осолд явган зорчигч өртсөн тохиолдол цөөнгүй гарч байгаа нь зориулалтын зам талбай нийслэлд хангалттай байхгүй холбоотой.
Хэдийгээр нийслэлийн зарим хэсэгт дугуй, скүүтерт зориулсан тусгай зам бэлтгэсэн ч түүгээр зорилтот иргэд биш явган алхагчид холхисоор байдаг нь бодит үнэн. Тэгэхээр асуудал зөвхөн суррон скүүтерээр зорчигчидтой дангаараа холбогдох асуудал биш болж таарч байна. Бид нийтээрээ скүүтер цахилгаан дугуй унагсадтай зэрэгцэн зорчиж сурах тухай асуудал болж хувираад байгаа юм. Маш олон хүний зорчих эрхтэй шууд холбогдох асуудал учраас хууль эрх зүйн талаас нь нарийн зохицуулж өгөх шаардлага бодитойгоор үүсэж хүлээлт үүсгэсэн сэдвүүдийн нэг болжээ.
Энэ ч үүднээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулагдаж эхэлсэн байна. Хуулийн төслийг D-Parliament-д байршуулж иргэд, олон нийтээс санал авч эхэлжээ.
Нийтээрээ хэрэглэх бололцоотой түрээсийн дугуй, скүүтерийг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа ч ямар нэгэн хууль дүрэм, зохицуулалтгүй явж ирсэнтэй холбоотойгоор суррон, скүүтэрийг насанд хүрээгүй хүүхдүүд, жолоодох эрхийн сургалтад суугаагүй жолооны үнэмлэхгүй иргэд олноороо унаж замын хөдөлгөөнд оролцох болсон. Жолооны дүрмийн А үсэггүй скүүтер жолоодогсод замын хөдөлгөөнд эгнээ байраа буруу эзлэхээс эхлээд машин битгий хэл явган зогчигчийг мөргөж гэмтээх тохиолдол хүртэл тогтмол бүртгэгдсээр байгаа юм. Асуудлыг шийдэх хүрээнд ТЦА-наас тодорхой зохицуулалт хийсэн хэдий ч хуулиар зохицуулж мөрдүүлэхгүй бол үр дүн төдийлөн хангалттай хэмжээнд гарахгүй байгааг судалгаа баримт харуулсаар байна.
Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод байгаа юм.
D-Parliament-д байршуулж иргэдээс санал авч эхэлсэн дээрх хуулийн төсөлд “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам зэргийг хуульд тодорхой суулгаж өгөх тухай дурджээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг багтаасан байна.
Нийслэлд амьдарч байгаа хүн бүрийн эрүүл аюулгүй зорчихтой шууд холбогдож байгаа энэ хуулийн төсөлд уншигч та анхаарч, D-Parliament-аар дамжуулж санал бодлоо илэрхийлэх эрх та бидэнд нээлттэй байгааг ахин сануулъя.