Цагдаагийн байгууллага цахим банкны мэдээлэл, хувийн мэдээллээ алдсанаас үүдэн хохирсон хоёр хэргийг шалгаж байна. 4-р сарын 9-нд ирсэн дуудлагаар хамт ажилладаг хүнийхээ хувийн мэдээллийг ашиглан хэд хэдэн аппликэйшн ашиглан зээл авсан тухай гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс гадна гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс 180 мянган төгрөгийн зээл авсан гэх гомдол иргэдээс цагдаагийн байгууллагад тус тус ирүүлжээ. Шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.
Энэ оны эхний улирлын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3386 нь цахим орчинд үйлдэгдсэн. Иймд иргэд та бүхэн өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх, мөн нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч өр төлбөрт орох эрсдэл өндөр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.