Унтраагүй 5 түймэр байна


Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Дээдгурван-Эвэртэй гэдэг газар 4-р сарын 26-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50, 20 дугаар ангийн албан хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд 4-р сарын 27-ны өдрийн 06:15 цагт уг түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус түймэрт 9.4 га талбай өртөж шатсан байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг дахь Ханхэнтийн тусгай хамгаалалттай бүсэд багтдаг Майнзоо гэдэг газарт гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтын 4-р сарын 29-ний өдрийн 10:40 цагт түймрийн цэг илэрчээ. Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Байгаль орчны улсын хяналтын газар, Мод боловсруулах үйлдвэр, “Хан Хэнтий” УТХГ-ын ажилтнууд унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт 2 дугаар багийн Галын-Ар гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Норовлин, Баян-Овоо сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд уг түймрийг 20:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Энэ түймэр 15 км урт, 6 км өргөн, нийт 9000 га талбайг хамарчээ. Үүнд иргэн Б-гийн 5 ханатай гэр, малын 20 метр хашаа өртөж шатсан байна.      

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн Дунддаваа гэдэг газар 4-р сарын 28-нд ой, хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Уг түймэр 8.85 км урт, 6.85 км өргөн газрыг хуйхалжээ.  

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн Хоёрдаваанд энэ сарын 28-нд ой, хээрийн түймэр гарав. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн эл түймрийн баруун хойд хэсгийг 4-р сарын 30-ны 04:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Дүрснарс гэдэг газар өчигдөр ой, хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр анги, Сайхан сумын мэргэжлийн анги, Номгон багийн иргэд, Дархан-Уул аймгийн УБТЗ-ын Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын алба хаагчид 16:30 цагт тус түймрийг бүрэн унтрааж, багийн даргад хүлээлгэн өглөө. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га талбай шатжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *