П.Батчулуун эмчийг буруутгасан хэргийг олон улсын шинжээчид шинжлэн дүгнэжээ


Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууныг буруутгасан эрүүгийн хэрэгтэй холбогдуулан, цагдаа, прокурор, шүүх байгууллагын аль нь ч хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулалгүйгээр ялласан. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ч энэ асуудалд хойрго хандсан. Тиймээс Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч нар Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгт хандан, П.Батчулуунтай холбогдох донорын үйл ажиллагаа болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байна. Үүний дагуу П.Батчулууныг гэм буруутай эсэхийг Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг олон улсын шинжээчдээр задлан шинжлүүлжээ.

Олон улсын шинжээчид дараах баримт бичгийг задлан шинжилсэн байна. Үүнд:

  • Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн бүрэн эх материал /https://shuukh.mn/
  • Өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлт
  • Улсын 1-р төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, профессор Л.Од-Эрдэнэ, Г.Батцэцэг нараас тухайн донохоос ахимаар  уулзалтын үеэр танилцуулсан дэлгэрэнгүй тайлбар

Шинжээчид эдгээр баримт материалд тулгуулан, доорх ийм явдал өрнөжээ гэж үзсэн байна. Үүнд:

2023 оны 8-р сарын 5-6-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүрэгт болсон зам, тээврийн ослын дараа С.А гэх эмэгтэйг ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт авчирч, үзлэг, шинжилгээ хийхэд тархины үхэл үүссэн нь оношлогдсон. Үүний дараа П.Батчулуунаар ахлуулсан ЭЭЭШСҮАЗА-наас 2 хүн ГССҮТ-д ирж, С.А-ийн эх (Д.А.), ах (С.Т), үеэл (Э.Э.) нарт нас барсан хүний эрхтнийг өөр хүнд хандивлах боломжийн тухай тайлбарлаж, элэг, бөөр, шөрмөс хандивлах зөвшөөрлийн маягтад гарын үсэг зуруулсан байна.

Гэвч ажил явдлын үеэр ар гэрийнхэн нь дараах эд эрхтнүүдийг гаргаж авсан тухай маргаан үүсгэсэн. Үүнд:

  • Шөрмөс түүний бэхлэгдэх хэсэг буюу тойг яс, шаант ясны толгойн хэсгийн хамт
  • Саран жийргэвч шөрмөс
  • Semimembranosus шөрмөс ба дээд шилбэний хэсэг
  • Ахиллес шөрмөс
  • Peroneus longus шөрмөс
  • Tibialis anterior шөрмөс
  • Цөсний хүүдий

Тэд П.Батчулууныг ар гэрт бүрэн мэдээлэл өгөөгүй, эсвэл худал мэдээлэл өгч зөвшөөрснөөс өөр шөрмөс, эрхтэн авсан гэж үзсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үүнийг Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь хэсгийг (хүний эд эрхтэн залилан авах) зөрчсөн гэж үзэн, П.Батчулуунд 2.6 жил хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтэнг авсан хэмээн ял сонссон П.Батчулуунд холбогдох хэргийг олон улсын жишиг, стандартын хүрээнд үнэлэн, дараах мэргэжлийн дүгнэлт өгчээ.

Олон улсын шинээчдийн дүгнэлт

  1. Донор болох зөвшөөрлийн хууль зүйн хүчинтэй байдал: Бидний ойлгож байгаагаар 2 өөр зөвшөөрлийн хуудас байгаа бөгөөд баримт бичиг тус бүр гарын үсгээр баталгаажсан байна. Эхний зөвшөөрөлд ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун, тус албаны мэргэжилтэн Э.Б. мөн ар гэрийн 3 гишүүн гарын үсэг зурсан. Хоёр дахь зөвшөөрөл нь эрхтэн авах ажиллагаа эхэлсний дараагаас ГССҮТ-ийн эмч нарын шаардлагаар авсан бөгөөд энэ нь олон улсын жишгээр хууль зүйн хүчинтэй баримт бичигт тооцогдохгүй.
  2. Ёс зүй болон журмын дагуу зөвшөөрөл авах ажиллагаа: Эхний зөвшөөрлийн хуудас нь олон улсын стандартын дагуу бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажсан, журмын дагуу авсан маягт юм. Энэ маягтыг ар гэрийн гишүүдэд мэдээлэл өгөх, асуух, татгалзах боломжоор хангаж, яамны журам, зааврын дагуу бүрдүүлсэн байна.
  3. Зөвшөөрлийн хамрах хүрээ тодорхой байв. Гарын үсэгтэй маягтад бөөр, элэг, шөрмөс авахыг зөвшөөрсөн нь тодорхой тусгагдсан. Өнгөрсөн хугацаанд ЭЭЭШСҮАЗА-ны нэгтгэсэн мэдээллээр донорын ар гэрээс эд, эрхтэн хандивлах зөвшөөрөл авах үед 54.9% нь шөрмөс хандивлахаас татгалзсан тоо баримт байгаа нь ар гэрийнхнийг албадаагүй, тодорхой сонголт хийх боломжийг өгдөг нь харагдаж байна.
  4. Цөсний хүүдийг элэгтэй хамт авах: Цөс, цөсний хүүдий нь элэгний үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цөсний урсгалыг зохицуулах үүрэгтэй байдаг. Элэгнээс ялгарч байгаа цөс нь модны мөчир мэт салаалсан судаснуудаар дамжин, цөсний хүүдийд хадгалагддаг. Цөс, цөсний хүүдий нь анатомийн хувьд элэгнээс салангид авч үзэх боломжгүй эрхтэн. Олон улсын практикт элэгний донорын үед салангид зөвшөөрөл авах шаардлагагүй буюу цөсийг авахын тулд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Австрали, Солонгос, Испани, АНУ зэрэг улсын эрхтэн шилжүүлэн суулгах зааварт ийм агуулгаар тусгасан байдаг.
  5. Шөрмөсийг ястай хамт авах: Шөрмөсний үйл ажиллагааг хадгалах зорилгоор холбогдох ястай нь хамт авч болдог нь стандарт мэс заслын арга юм. Энэ нь ямар нэгэн далд ажиллагаа бус анагаах ухааны дагуу хийгддэг хэвийн ажиллагаа юм.
  6. Харилцааны хүндрэлүүд: Зөвшөөрлийн маягтад бүх гарын үсэг байгаа нь хууль зүйн хувьд хүчинтэй атал ар гэрийнхэн нь мэс заслын үр дагаврыг бүрэн ойлгоогүй нь илт байна. Энэ нь олон улсад ч байнга тохиолддог асуудал бөгөөд олон нийтэд тархины үхэл болон эрхтэн шилжүүлэн суулгах ойлголтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Иймд бусад орны туршлага дээр суурилан, тус улсын Засгийн газраас харилцааны протоколыг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай.
  7. Нууцлах, хувийн ашиг хонжоо олох санаа байгаагүй. Бид П.Батчулууныг санаатайгаар мэдээллийг нууцалсан буюу хувийн ашиг сонирхол агуулсан үйлдэл хийгээгүй гэж үзэж байна. Тэрээр донорын ар гэрийнхэнд буруу ойлголт өгсөндөө харамсаж, Монголд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хамгаалахын тулд хувийн хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлсэн байна гэж үзэж байна.
  8. Санхүүгийн ямар ч ашиг хүртээгүй. Профессор П.Батчулуун уг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанаас санхүүгийн ямар ч ашиг хүртээгүй. Олон улсын практикт төрийн байгууллагын харьяалалтай байхаас үл хамааран, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь хүний амь нас аврах зорилгоор, мөнгөн шан харамжгүй, албадлагагүй нөхцөлд эрхтэн шилжүүлэн суулгах үед хийсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдол байхгүй.
  9. Улсын журам, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Бидний ойлгож байгаагаар П.Батчулуун яамны албан ёсны журам, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Энэ нь улсын хяналт дор хэрэгжсэн. Олон улсын жишигт ч мөн төрийн байгууллагын удирдлагын дагуу ажиллаж буй албан хаагчид ял хүлээлгэхгүй байх зарчим үйлчилдэг.

Олон улсын шинжээчид энэ дүгнэлтээ 5-р сарын 10-нд Монгол Улсын Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгт ирүүлжээ. Олон улсын шинээчдийн мэдэгдэл:

-Бид энэхүү хэргийн эмнэлзүйн техникийн талуудыг нягтлан судласны үндсэн дээр хуурч мэхлэх, албадах шинж тэмдэг бүхий ямар нэг нотолгоо олсонгүй. Профессор П.Батчулууны үйл ажиллагаа нь түүний албан тушаал, үүрэгт бүрэн нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын болон олон улсын шилдэг туршлага, стандартуудаас гажсан аливаа үйлдэл илрээгүй, санаатай буруу үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл алга байна.

Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн сайд нар, профессор П.Батчулуун болон түүний хамт олонтой хамтран ажиллаж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай иргэдэд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд нь туслалцаа үзүүлж ирсэн. Энэ хугацаанд бид профессор П.Батчулууны амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах замаар монгол иргэдэд амьдрал бэлэглэхийн төлөөх тууштай, үнэнч зүтгэлийг нь баттай харсаар ирсэн.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба (RDCTOT)-ны баг, түүнийг удирдсан профессор П.Батчулуун нар Монгол Улсад ёс зүйтэй, ил тод эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог бий болгох чиглэлээр тууштай, нөр их хөдөлмөр гарган ажилласан бөгөөд тэдний энэхүү үйл хэрэг нь Ази тивд төдийгүй олон улсын түвшинд өндөр үнэлэгдэж, үлгэр жишээ болохуйц жишиг тогтолцоо гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Бид профессор П.Батчулууныг эмнэлгийн ёс зүйг чанд баримталж, олон нийтэд үйлчлэх үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүн хэмээн үнэлдэг. Тэрээр Монгол Улсад хууль бус эрхтний наймаагүй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ил тод систем бий болгохыг хичээн ажиллаж ирсэн. Хувийн ашиг хонжоо олох зорилгоор эс, эд, эрхтэн хууль бусаар авах явдлыг зогсоох чиглэлд профессор П.Батчулуун болон түүний хамт олны зүтгэл чармайлтын үр дүнд бидний зүгээс Монголын төр засагт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн билээ. Тэрбээр Монгол Улсад нийгмийн зүгээс шаардагдах ил тод байдал, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ёс зүйтэй систем бий болгох манлайлагч, ёс суртахууны өндөр зарчимт хувь хүн гэдгийг бид итгэлтэйгээр хэлж чадна.

Гэвч энэ хэрэг явдал нь Монгол Улсын амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийт системд олон нийтийн итгэлийг алдагдуулах аюултай нөхцөл байдал бий болгосонд бид гүнээ санаа зовниж, харамсаж байна. Энэхүү эцсийн шатандаа орсон олон хүнд шинэ амьдрал бэлэглэх, амь аврах эмчилгээний ач холбогдол бүхий тусламж үйлчилгээнд мэдэгдэхүйц уналт гарч байгаа нь ажиглагдаж эхэлсэн. Монголын ард иргэдийн тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авахтай холбоотой итгэл суларсан байна. Энэ итгэлийг сэргээх нь цаг хугацаа болон Эрүүл мэндийн яамны зүгээс тууштай хүчин чармайлт шаардах урт хугацааны ажил байх болно. Энэ хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон иргэн дахин амьдрах боломжоо алдаж болзошгүй байна.

Иймд бид Монгол Улсын Дээд шүүхийг энэхүү харамсалтай хэргийн эмнэлзүйн техникийн талаарх олон улсын шинжээчдийн үнэлгээг харгалзан үзэж, бидний танилцуулж буй олон улсын шилдэг туршлагуудын үндсэн дээр үнэн бодит байдлыг үнэлнэ гэдэгт найдаж байна.

Хэрэв бидний хөндсөн техникийн асуудлуудтай холбоотой нэмэлт мэдээлэл эсвэл хэлэлцүүлэг шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу.

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын шинжээч:

Жереми Чапман, Австрали

Кюри Ан, БНСУ

Жереми Р. Чапман, Австрали

  • Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч асан
  • Дэлхийн чөмөгний донорын холбооны ерөнхийлөгч асан
  • ДЭМБ-ын Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаарх шинжээчдийн зөвлөх багийн гишүүн
  • Transplantation болон Transplantation Direct сэтгүүлүүдийн ерөнхий эрхлэгч (2015–2020 он)
  • Бөөр судлалын зөвлөх, эрхтэн шилжүүлэн суулгалтын эмч, Уэстмийдийн эмнэлэг (1987 оноос одоо хүртэл)
  • Уэстмийдийн эмнэлгийн дарга, анагаах ухаан болон хавдрын тасгийн дарга (2007–2019)
  • Баруун бүсийн бөөрний тусламж үйлчилгээний газрын захирал
  • Сиднейн их сургуулийн клиникийн профессор,
  • “Уэстмийд Милленниум” хүрээлэнгийн ахлах судлаач,
  • Австралийн Ясны Чөмөгний Донорын Үндэсний Сангийн дарга
  • Австралийн эхэс, хүйн цусны биобанкны дарга
  • Судалгааны чиглэлүүд: Бөөр, нойр булчирхай, арлын эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах
  • Эрдэм шинжилгээний нийтлэл: 460 гаруй хянан магадлуулсан өгүүлэл
  • TTS, AST, ESOT-ын Суурь шинжлэх ухааны хороодын дарга болон дэд дарга

Кюри Ан, БНСУ

  • Үндэсний Анагаах Ухааны Төвийн Бөөр судлалын тасаг
  • Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүндэт профессор,
  • Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга,
  • “Vitallink” олон улсын төслийн захирал, “Vitallink”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч асан
  • ДЭМБ-ын Ажлын хүчний багийн гишүүн
  • Эрхтэн шилжүүлэн суулгах салбар дахь Эмэгтэйчүүдийн сүлжээний гишүүн (Women in Transplantation)
  • Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн (TTS) зөвлөх асан
  • WIT, DICG, ДЭМБ-ын ажлын баг, IXA зэрэг олон улсын байгууллагуудын зөвлөх асан
  • БНСУ-ын Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн дарга асан
  • “Рафаэль Нанум” сан, “Рафаэль Интернэшнл” сангийн ерөнхийлөгч
  • БНСУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах бүртгэлийн систем (KOTRY) болон Азийн эрхтэн шилжүүлгийн бүртгэл (ASTREG)-ийн ерөнхийлөгч

Стефан Г. Туллиус, АНУ

  • Мэс заслын профессор; Шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч; Шилжүүлэн суулгах мэс заслын судалгааны лабораторийн захирал
  • Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлэг, Харвардын анагаахын сургуулийн шилжүүлэн суулгах мэс засалч,
  • Харвардын анагаахын сургуулийн мэс заслын профессор
  • Жозеф Э. Мюррейн нэрэмжит эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тэргүүлэгч профессор
  • Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга
  • Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлгийн Шилжүүлэн суулгах мэс заслын судалгааны лабораторийн захирал
  • Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн (TTS) дэд ерөнхийлөгч
  • Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн (TTS) санхүүгийн асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга асан
  • Олон улсын умай шилжүүлэн суулгах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч
  • Transplantation сэтгүүлийн ерөнхий эрхлэгч
  • Transplantation сэтгүүлийн гүйцэтгэх редактор асан
  • Transplant International болон American Journal of Transplantation сэтгүүлүүдийн хамтран редактор асан
  • АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIH)-гээс санхүүждэг судлаач; “PubMed”-д бүртгэгдсэн 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл болон олон номын бүлэг зохиогч
  • Европын Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг (ESOT), Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг (TTS), АНУ-ын Шилжүүлэн Суулгах Сүлжээ (UNOS), Үндэсний Бөөрний Бүртгэл (NK Registry)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • TTS, AST, ESOT-ийн Суурь шинжлэх ухааны хороодын дарга болон хамтарсан дарга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *