Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн 3-р сард D-Парламент цахим системд байршуулж олон нийтээс санал авч эхэлсэн бөгөөд засгийн газраас санал авах хүсэлтээ өнгөрсөн 4-р сард ажлын хэсгийнхэн өгсөн байна. Гэвч засгийн газраас хуулийн төсөлд саналаа тусгаж, засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байгаатай холбоотойгоор хуулийн төслийг их хуралд өргөн барих ажил хүлээгдсээр байгаа юм. Улаанбаатар хотын замын түгжрэл улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотойгоор цахилгаан дугуй, скүүтер хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Ганцхан жилийн дотор түрээсийн цахилгаан дугуй, скүүтерийн тоо 16 дахин нэмэгдсэн тоон статистик байгаа нь энэ төрлийн хэрэглээ нийслэл хотод гэрлийн хурдаар нэмэгдэж байгааг гэрчилнэ.
Гэвч цахилгаан дугуй, скүүтерийг хуулиар тээврийн хэрэгсэлд тооцдоггүй учраас скүүтер түрээслэгч компаниуд, унаж яваа иргэд аль аль хуулийн өмнө хариуцлага хүлээхгүйгээр нийслэлийн гудамжийг зорчиход аюултай болгож байна.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 584 осол гэмтлийн тохиолдол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Тоо улам бүр өссөөр 2024 онд 3 ч хүн амиа алдсан аж. Нэгэнт хуульд тусгаагүй хэрэглээ учраас скүүтерт мөргүүлсэн хохирогч, скүүтер унаж яваад бэртсэн иргэн аль аль нь иргэний хуулиар нэг нэгнийхээ хохирлыг барагдуулсан болоод өнгөрч байна. Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ нь зөвхөн суррон скүүтерээр зорчигчидтой дангаараа холбогдох асуудал биш. Гудамжаар алхаж байгаа хүн бүрийн эрүүл мэнд амь настай холбоотой асуудал болж таарч байна. Бид нийтээрээ скүүтер цахилгаан дугуй унагсадтай зэрэгцэн зорчиж сурах тухай асуудал гэсэн үг. Маш олон хүний зорчих эрхтэй шууд холбогдох асуудал учраас хууль эрх зүйн талаас нь нарийн зохицуулж өгөх шаардлага бодитойгоор үүсэж хүлээлт үүсгэсэн сэдвүүдийн нэг болжээ.
Судалгаагаар суррон, скүүтерийг насанд хүрээгүй хүүхдүүд буюу 10-19 насны жолоодох эрхийн сургалтад суугаагүй жолооны үнэмлэхгүй иргэд олноороо унаж замын хөдөлгөөнд оролцох болсон нь асуудлыг улам ч ээдрээтэй байдалд хүргээд буй. Жолооны дүрмийн А үсэггүй скүүтер жолоодогсод замын хөдөлгөөнд эгнээ байраа буруу эзлэхээс эхлээд машин битгий хэл явган зогчигчийг мөргөж гэмтээх тохиолдол хүртэл тогтмол бүртгэгдсээр байгаа юм. Асуудлыг шийдэх хүрээнд ТЦА-наас тодорхой зохицуулалт хийсэн хэдий ч хуулиар зохицуулж мөрдүүлэхгүй бол үр дүн төдийлөн хангалттай хэмжээнд гарахгүй байгааг судалгаа баримт харуулсаар байна.
Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Нийгэмд, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулж байгаа цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг хуульчлах асуудал гэвч улс төрчдийн анхаарлын гадна үлдээд байгаа нь нууц биш. Жирийн иргэдийн аюулгүй зорчих эрхтэй шууд холбоотой энэ хуулийн төсөл боловсруулагдаад бараг 3 сарын нүүрийг үзэж байгаа ч засгийн газар, холбогдох яам тамгын газраас дэмжлэг муутай байгаа юм. Суррон, скүүтер түрээслэгч бизнес эрхлэгчдэд ямар төрлийн татвар ногдуулах вэ гэдгээс эхлээд хэрхэн тээврийн хэрэгслэлийн ангилалд оруулж скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг хэрхэн даатгалд хамрагдуулах эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодорхой санал ирүүлээгүй байгаа аж. Энэ нь скүүтер, сурроны хэрэглээ шийдвэр гаргах түвшинд анхаарал татахгүй байгаагийн 1 тод илрэл болж байгаа гэхэд хилсдэхгүй.
Зам тээврийн яам, Нийслэлийн удирдлагын зүгээс дүүжин тээвэр, хот хоорондын төмөр замын төсөл, Богд уулыг нүхлэх зэрэг томоохон мөнгөний төсөлд анхаарлаа хандуулж ярьсаар ирснийг иргэд андахгүй. Хэдийгээр түгжрэл шийдэх гарц гаргалгаа мөн боловч нэн түрүүнд амьдарч ажиллаж байгаа орчиндоо иргэд аюулгүй зорчих асуудал аминд тулчхаад байгааг анзаарах эрхтэн дархтан ховор байгаа нь харамсалтай.
Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг хуульчлах асуудлыг дэмжихгүй байгаа бас нэгэн төлөөлөл бол энэ төрлийн бизнес эрхлэгчид. Зам ашигласны татвар, тээврийн хэрэгслийн татвар төлөхгүйгээр түрээсийн тээврийн хэрэгслийн бизнесээ удаан хугацаанд эрхлэх нь мэдээж тэдэнд ашигтай. Стандартаа мөрдөөд ажиллаж чадна гэж амлаж байгаа түрээсийн скүүтерийн бизнес эрхлэгчдэд хууль батлагдсанаар хариуцлага нэмэгдэж, үүрэг өндөрсөх нь гарцаагүй билээ.
Скүүтер цахилгаан дугуйн хэрэглээг хуульчлах нь зөвхөн жирийн иргэдэд л ашигтай хувилбар. Гэвч иргэдийн хувьд гудамжинд айдастай зорчиж байгаа энэ харилцааныхаа төлөө төдий л анхаарал тавьж үгээ хэлж чадахгүй байгаа нь хуулийн төслийг хурдан батлах хөшүүрэг дутахад хүргэж байгаа юм.
Гудамжаар алхах битгий хэл скүүтерээр ч зорчдоггүй төрийн түшээдэд гудамжинд зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлаас илүү “мега мөнгө”-ний сонирхол нь цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг хуульчлах явцыг удаашруулж байгааг сануулаад өгөх иргэд бидний дуу хоолой үгүйлэгдсээр байна. Үндсэн хуулиар иргэн бүрд олгогдсон эрүүл аюулгүй амьдрах эрхийнхээ төлөө үгээ хэлцгээе.